Жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа гэгч урсгал сөрөн долоон авто машин угсруулан дайрч, хоёр хүүхэд мөpгөcөн ноцтой осол гарсан билээ. Тэгвэл тус ослын хохирогч 12 настай С охин эмнэлгээс гарчээ.
Биеийн байдал нь дээрдсэн учраас гэртээ гарсан аж. Охины бэртлийн талаар шинжээч “хөнгөн бэртсэн” гэсэн дүгнэлт гаргасныг аав нь эсэргүүцэж гомдол гаргасан юм. Тус хэргийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж байна.
Урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.Маралмааг хилийн хориг тавьжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт буюу аравдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн байна.
Шүүх хурлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.













