Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.26/ болж өндөрлөлөө. Хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонссон байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Тэрбээр “Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 2023 ондоо багтаж 100 хувийн гүйцэтгэлтэй болгоно. Ерөнхий сайдын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг холбогдох сайд, дарга нарт өглөө” гэж ярилаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил хамгийн тулгамдсан асуудал байна. Зарим хүний алдаа дутагдлаас болж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд удаашралтай явагдаж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Харин энэ долоо хоногийн ням гарагт өдөр уг чиглэлийн автозамын хоёр урсгалыг нээхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 500 орчим метр замын хучилт хийгдэх дутуу байна. Ирэх өдрүүдэд тэмдэг, тэмдэглэгээний ажил хийнэ” гэлээ.













