Монгол Улсын Гавъяат эмч, Сонгдо эмнэлэгийн дарга Бундангийн Болдсайхан нь Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. Бундангийн Болдсайхан гэдэг хүн өдгөө эмч Болдсайхан, зүрхний Болдсайхан, нийтлэлч Болдсайхан гээд олон алдраар овоглуулж яваа. Түүний аав Бундан Монголд зүрхний мэс заслыг бий болгосон, эмч хүн. Мөн ээж нь бас дүү нь эмч.
Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын эмч гэхээр хүмүүст нэг л дотно санагдах байх. Учир нь тэрбээр энэ эмнэлэгт олон жил ажилласан. Болдсайхан Нэгдүгээр сургуулийн тооны ангийг төгссөн. Дунд сургуулиа төгсөх тэр жил тооны улсын олимпиадад түрүүлж байсан сайхан дурсамжтай. Энэ нь түүнийг өөр мэргэжилрүү “чангааж” болох байсан ч тэрбээр удам дамжсан эмч болсон. Дөнгөж төгссөн хүү багш ч хийж, хөдөө ч ажилласан. Төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хагас жил ажиллаж улмаар Дорноговь, Завханы Тэлмэнд очиж ажиллаж байсан.
Хөдөө сумын эмч байхдаа осгож, хөлөө хөлдөөж ч үзсэн. Өвлийн хүйтэнд дөч гаруй хоногоор ханиаданд нэрвүүлж, тав зургаан амьсгалын аппарат тавьчихаад хүүхдүүдээ холбочихоод хэдэн арван хоногоор нойргүй зогсч байсан гээд түүнд яривал уртын урт түүх бий. Мөн тэрээр олон шавьтай. Учир нь анагаахын багшаар долоон жил ажилласан. Ихэнх эмч нар хувийн эмнэлэгтэй. Харин зүрхний мэс засалд хувийн эмнэлэг байгуулахад хэцүү. Наад тал нь 10 орчим сая долларын хөрөнгө оруулалттай эмнэлэг байх ёстой гэж хэдхэн жилийн өмнө ярьж байсан тэрбээр өдгөө “Сонгдо” гэх чамгүй том эмнэлэгтэй. Түүний бахархал: Аавынхаа зүрхний мэс засал дээр нэвтрүүлээд хүргэчихсэн байсан тэр технологийг өөрчилсөн. Тэр үед 5-6 цаг хийдэг байсан хагалгааг хоёр цаг болгосон. Хоёрдугаарт, мөнгө хөөгөөд жилдээ нэг, хоёр удаа, дээд тал нь зургаан сарын хугацаагаар олон оронд ажиллаж үзсэн. Тухайн орных нь нэг номерын мэс засалчидтай хамтарч ажилласан.
Б.Болдсайхан эмч өнөр гэр бүлтэй. Өөрөөр хэлбэл зургаан хүү, нэг охинтой. Эдний гэр бүл “MCS” компаний хувьцаагаар дамжуулан “Таван толгой”-н хувьцааг эзэмшдэг. Тэрбээр жилдээ 40 мянган хүн гадаадыг зорьж 100-200 сая ам.доллар үрдэг. Мөн дарга нар нь бүгд гадаадад, тухайлбал Өмнөд Солонгос, Сингапурт эмчлүүлдэг гэж ярьж байсан. Харин дунд давхрагынхан Бээжин, Хөх хотыг зорьдог гэж байв. Үүгээр зогсохгүй ядуус нь өөр дээр нь ирж байна хэмээжээ. “Ариун голомт” хэмээх номондоо өөрийн нийтлэлүүдээ оруулсан. Нийтдээ 50 орчим нийтлэл, ярилцлага багтсан байдаг. Эдгээр нийтлэлүүдийн ихэнх нь ойрын 2-3 жилд ярилцан хэлэлцэж, санаа бодлоо нэгтгэн, чиглэлээ тогтоох ёстой сэдвүүдээр бичсэн байдаг гэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад өнгөрөх бус ном хэлбэрээр нь хүмүүс уншаад санаа оноогоо гаргаасай гэсэндээ энэхүү номыг хэвлүүлсэн гэдэг.
Номных нь нэр буюу “Ариун голомт” нь түүний бичсэн нийтлэлийн гарчиг. Тус нийтлэлд 1911, 1921 оны хувьсгал, Дэлхийн II дайны дараа монголчууд эх нутаг болсон ариун голомтдоо цуглан тусгаар тогтнолоо босгож, хамтран хөдөлмөрлөж байсан тэр цаг үеийг эргүүлж авчирах боломж байна уу гэдгийг дэвшүүлсэн.
Тэрбээр Эрүүл мэндийн сайдын зөвлөх байсан юм. Хүний гавъяат эмч нийтлэлч Б.Болдсайханд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.













