Өнгөрсөн жилийн тавдугаар сард “Түгжрэлийг бууруулах түүхэн шийдвэр гаргалаа” хэмээн холбогдох албаныхан мэдэгдэж байв. Ийнхүү жил бүр түгжрэл бууруулахын тулд 420 тэрбумыг улсын төсөвт тусгаж буй. Гэвч Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөн “ТЭГ” зогсолтод хүрэхэд ганцхан алмын зай л дутаж буй гэхэд хилсдэхгүй болов уу…?
Өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар гаргаж үзэв. Уг шийдэл хэсэгхэн хугацаанд үр дүнгээ үзүүлсэн тул өнөөдөр НИТХ-аар цаашид тус шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцлээ. Гэвч тэгш, сондгой хязгаарлалт цаашид үргэлжилбэл ард иргэд хоёр машинтай болох нь цаг хугацааны л асуудал юм.
Мөн өнөөдрийн НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх төсөл боловсруулж буй талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлээд байна.
Ийнхүү нийслэл хотын автозамын хөдөлгөөний нягтаршлыг бууруулах хүрээнд хийж буй ажлууд шийдлээ олохгүй, үл бүтэх, иргэдэд халгаатай шийдвэрүүд гарсаар буйд олон нийт эгдүүцсээр буй энэ үед “Авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гадаадын зээл тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний ажил” гэх нэр бүхий 1 тэрбум 800 сая төгрөгийн тендер сонгон шалгаруулалт өнөөдөр зарлагдлаа.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс уг тендерийг зарлаж буй бөгөөд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүлжүүлж байгаа аж.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол улсад хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа 3 том олон улсын төслийн хүрээнд гэрээ байгуулах, олон улсын тендерийн баримт бичиг бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна.
- Хөнгөн галт тэрэг (LRT), шинэ тойрог зам зэрэг төслүүдийн хүрээнд олон улсын тендерийн баримт бичиг боловсруулах,
- Дээрх төслүүдийн ТЭЗҮ-г хууль, эрх зүй, олон улсын стандартын дагуу хийж боловсруулсан эсэх;
- Төслийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт, зээл, хөрөнгийн төвлөрүүлэлт, ашиглалт, зарцуулалтыг, арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй удирдан хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт гаргахад хамтран ажиллах,
- Бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгч талуудын ажил гүйлгээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах аж.
Түгжрэлийг бууруулах хүрээнд хэдэн зуун тэрбумаар нь хэдийнээ салхинд хийсгэсэн ч зөвлөх үйлчилгээ авах нэрийдлээр дахин 1.8 тэрбумыг зарцуулна гэдэг хэт үрэлгэн хандаж буй мэт санагдах.. Нийслэлийн асуудал харицусан сайд, Нийслэлийн Засаг Дарга, тэдгээрийн зөвлөхүүд, холбогдох албаныхан гээд хэдэн зуун албан тушаалтнууд уг асуудлыг хариуцаж ажиллаж буй ч тэдний ухаан хүрэхгүй зөвлөгөө авах нь дутсан гэлтэй.













