Монгол улсын хөдөлмөрийн баатар, Япон улсын сумогийн их аварга Д.Дагвадорж, Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нарын ижий Х.Пүрэвбадам гуай “Ээж” нэвтрүүлэгт дараах яриаг өгчээ.
Х.Пүрэвбадам: Миний аав ээж бол малчин хүмүүс байлаа. Төрсөн оныг маань 1950 он гээд байдаг болохоос биш зарим юман дээр 1951 он гээд л яваад байдаг юм. Аав маань өнгөрөхдөө хуучны ном судар манай бага ахад өгсөн байсан. Бага ах маань ноднин, уржинахан даа нөгөөгдхийг чинь задлаж үзэж байсан чинь бид нарын төрсөн он сар өдрийг бичээд тэр номон дотор хийчихсэн байсан.
Бид нар төрсөн он сар өдрөө сайн мэдэж авч байгаа юм. Бид нар багаасаа л хүүхэд байхаасаа айл саахалтын дунд хамаагүй ааш араншин гаргаж болохгүй настай хүмүүсийг юм яриад сууж байхад нь хажууд нь сууж болохгүй. Хүмүүс юм ярьж байхад хүүхдүүд ороод ирвэл “хүүхдүүд гараарай гарж тоглоорой” гээд гаргачихдаг.
Би ер нь аав ээж хоёрынхоо хэлсэн зүйлийг бодож аав ээжийнхээ нэрийг муугаар дуудуулахгүй юмсан, муу юм хийхгүй юмсан гэдгийг хүүхдүүдээ яг үүнийг шингээж өсгөх юмсан даа. Илүү дутуу өлөв долов хийлгүйгээр зөв амьдраад хүнийг баярлуулах, хүнийг сайхан байлгахын төлөө яваасай гэж бодож өсгөсөн.
Ер нь миний зорилго бол сайн болоосой, сайхан хүн болоосой гэхээсээ илүү зөв хүн байгаасай, зөөлөн сэтгэлтэй байгаасай гэдэг утгаараа хэдэн хүүхдүүдээ хайр нь дотроо хална нь гаднаа гэдэг шиг хүнийг уучилж чадах ухаантай байгаасай, тэрэн дотроо гэгээтэй өнгөтэй хүнд сайхан юм хэлдэг сайхан мөрөөддөг мөрөөдөлдөө хүрч чаддаг, бусдыг хайрлаж чаддаг хүндэлж чаддаг байгаасай гэж бодож энэ хэдийг өсгөсөн.
Хүүхдээ төрүүлсэн өдрөөсөө эхлээд л баярладаг. Ээж болсон цагаасаа эхлээд тэр хөөрхөн хүүхдүүдийг хараад хайр ундартал баярлуулж байгаа юм. Би амьдралдаа их баярлаж явдаг. Өөрөө нөхөртэй, хүүхэдтэй болсоноо аав ээждээ хоёуланд нь харуулж чадсан. Аав ээж хоёртоо зээ хүүгээ үзүүлж чадсан. Энэ ямар хүн болох вэ гэдгийг ааваараа хэлүүлж байлаа.
Миний хүү чинь мярайлаг, бие томтой, нэлээн памбагар хүүхэд байсан шдээ. Ямар сайндаа хол газар ажлаасаа яваад хүүхдээ хөхүүлэх гээд өдөр гэртээ ирээд буцаад ажил руугаа явдаг байлаа. Миний хүү ээжийгээ санаад уйлж байгаадаа гээд яаран сандран явдаг байсан.
Зөв бодол гэдэг чинь хүний хамгийн сайн сайхан болгоныг л дэлгэрүүлээсэй гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Зөөлөн сэтгэл гэдэг чинь хүнлэг, энэрэнгүй юмыг хайрладаг харьцуулж боддог тийм хүн болоосой гэж боддог. Хүнд байхгүй араншин гэж байхгүй. Тэрэн дотроосоо хамгийн зөв зөөлөн сэтгэлтэй байгаасай.
Бөх байна гэдэг удамынх юм уу даа. Төр түшилцэж түмэн олныхоо төлөө зүтгэж явах чинь ухааных юм уу гэж би боддог. Төрийн баяр наадамд түмэн олноо баярлуулаад олон жил зургаан сайхан заан гэх үеэс зэрэгцүүлээд сайхан барилдаж явлаа миний хүү.
10 жил дотор би таван хүүхэд гаргасан. Нэг нь яахав дээ орчлонд ирсэн хүн чинь үзэх ёстой юмаа үздэг л юм байна лээ. Золгүй явдлаар нэг сайхан хүүгээ алдаж байсан. Авдар шиг тийм хөөрхөн цээжтэй хүү байсан даа. Хүүгээ боддог юмаа дурсдаг юм. Хэзээ ч буцчихсан, явчихсан шүү гэж боддоггүй. Үргэлж бодно. Хажуудаа байгаа юм шиг бодогддог.
Хүнд чинь ер нь хүн дутдаг шүү дээ. Ямар нэгэн ажил хийхэд, бизнес хийхэд хүн их дутдаг. Нөгөөдхөө боддог. Муу хүү минь эсэн мэнд сайхан өсчихсөн байсан бол энэ ажил дээр ч туслах байсан байх, тэрэн дээр ч тэгээд явах байсан байх гээд. Одоо хэрвээ байсан бол 42 нас хүрчих байлаа.
Айлын хөвгүүдийн бага нь гэдэг утгаараа жаахан эрх дураараа ийм юм болов уу тийм юм болов уу гэж хүмүүс боддог байх л даа. Тэр жаахан дураараа өөрийнхөө байх учир шалтгаан нь би л байх гэж боддог. Өөрөөр хэлбэл буруутан нь би байхгүй юу. Яагаад гэвэл таван хүүгийнхээ нэгийг алдсан гээд би ярьсан даа. Дагвадоржийн ахыг алдчихсан.
Үрээ алдсан эх хүн гэдэг чинь их хэцүү дээ. Хойтон жил нь миний хүү наддаа ирж төрсөн. Хөөрхөн хүүтэй болчихсон. “За би энэ хүүхдээ гараасаа огт салгахгүй дээ” гэж бодож байсан. Тэр утгаараа ч гэсэн охин дүүгээ гартал Дагвадорж чинь 6 нас хүртлээ миний өвөр дээр байж байдаг байлаа.
Хүүхэд насны хөгжилтэй үеүүд, өсвөр насны сайхан бужигнадаг нас нь, 9-10-р ангид орчихоод охид найз хүүхдүүдтэй бужигнадаг нас нь эдэлж чадаагүй. Үүнд би жаахан харамсдаг шүү дээ. Муу хүүгээ хатуу хөтүү өндөр шаардлагатай гэр орноосоо хол өөрийнх нь сэтгэлийг давуулаад явуулчихсан ч гэсэн би өөрийгөө л зэмлэж суудаг юм. Одоо ч гэсэн өөрийгөө зэмлэнэ. Янз бүрийн юм гарна шүү дээ. Тэр үед би өөрийгөө л зэмлэдэг.
Хэдэн сайхан хөөрхөн банди нар гарлаа. Өсгөлөө. Ерөөсөө эмэгтэй хүн чинь охин хүүхэд харахаараа хайр хүрээд л эгдүүтэй санагдаад. За энэ хүүхэд охин байхөө гэхэд банди банди л гараад байсан. Тэгээд Дагвадоржийгоо хоёр ойтой байхад нь би их сургуульд орсон.
Өдрөөр суралцаад сайхан боловсрол эзэмшиж мэргэжлээ дээшлүүлэв. Тэгээд сургуульд сурч байхад манай ангийнхан 4 хүүхэдтэй намайг одонгийнхоо найрыг оюутан байхдаа хийгээдэхээчээ гээд л тэгдэг байсан. Би харин “нэгдүгээрт ромбоо авна, хоёрдугаарт охиноо гаргана, гуравдугаарт одонгоо авна” гээд нөгөө хэдийгээ цаашлуулдаг байлаа.
Тэгээд 1985 онд төгсөөд ромбоо зүүчихлээ. Ажилдаа ч очлоо. 1986 онд охиноо гаргалаа. Тэнгэрийн од шүүрч байгаа юм шиг ямар хөөрхөн гээч охин хүүхэд. Охинтой болчихоод нас жаахан харьсан гэх үү дээ. Энэ хүүхдийг 15 настай болтол нь 50 хүртлээ болох юм байна тэрнээс хойш нас биент хүртэл нь гээд санаа зовох юм их байсан л даа.” хэмээн ярьжээ.













