Залуу арслан Б.Орхонбаярын хувьд хэвлэлд “Бөхийн дэвжээн дээр гарахад үгээр хэлэмгүй сайхан. Тэр дундаа нэрээ дуудуулах мөчид цаг хугацаа зогсчихсон юм шиг, шуранхайлах шиг гоё сонсогддог” хэмээн өгүүлсэн байдаг. Монгол бөхийн зүлэг ногоон дэвшээгээ хүндэтгэн, уртын дууны шуранхайтай зүйрлүүлсэн илэрхийлсэн тэрбээр тэгш ой дашралдан давхацсан баяр наадмаар алдар цолоо дуудуулан, Улсын АРСЛАН хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.

Түүний тухай Википедиа ингэж мэдээлжээ. Баярсайханы ОРХОНБАЯР Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долоодугаар сарын 1-нд төрсөн, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх. 95 кг жинтэй, 180 см өндөр.
Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, “Аварга” БТДС-ийн оюутан. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан юм.
Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрбээр 2020 улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм. Тэрбээр 2022 оны ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд, Улсын даян аварга Батсууриар 9 давж улсын арслан цол хүртсэн.
Гэр бүлийн тухай: Шинэхэн Арслангийн аав Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул. Харин ээж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынх. Арслангийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Орхон сум ч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат гэж явдаг байна. Хоёр хүүтэй айлын бага нь. Ээжийнх нь талд Жамсран гэж сумын заан хүн байсан тухай хэвлэлд ярьжээ.
Боловсрол: 2015 онд Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургууль төгссөн. Улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсэн Бодибилдинг, фитнесийн багш дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн.
“Хөдөлмөрлө, өөрийгөө хэзээ ч зогсох ёсгүй мэт, өөрийгөө ямар ч амжилт үзүүлээгүй мэт ХӨДӨЛМӨРЛӨ” хэмээн нүүр номоо эхлүүлсэн шинэхэн арслан Б.Орхонбаярын энэ үг олныг гайхшруулаад байна. Тэр бол 19 насандаа төрийн наадамд анх удаа барилдахдаа начин цол хүртсэн амжилтын эзэн. Тухайн жилийн онцгой начин хэмээн бөх сонирхогчид түүнийг онцолдог.













