Долоодугаар сарын 1-нд наадам зохион байгуулах комиссоос төлөөлөгч очиж Х.Баянмөнх аваргатай уулзсан юм. Ингэхдээ дөрвийн даваанд хүндэтгэлийн цол дуудуулахаар наадмын хөтөлбөрт оруулсан гэдгээ хэлжээ. Харин үүнд аварга татгалзсан байна.
Учир нь цол дууддаггүй даваанд цол дуудуулахгүй гэсэн аж. Маргааш нь долоодугаар сарын 2-нд Шадар сайд мөн түүнтэй уулзсан байна. Учир шалтгаанаа аварга ийн тайлбарлажээ.
“Өмнө нь ийм ёслол хийж байсан түүх алга. Хэрэв байсан бол тэр жишгийг дагаад л ёслох ёстой. Гэтэл 10 түрүүлсэн, тэр арван түрүүний хоёр нь тэгш ой байсан. Тэгээд 80 нас хүрээд дэвжээнд гарсан бөх алга.

Тэгэхээр энэ бол шинэ ёслол. Шинэ ёслол байлаа ч гэсэн Монгол бөхийнхөө бүрэлдсэн ёс жаягаа дагах ёстой. Үүнийг бид бүрэлдүүлээгүй, төр засаг ч бүрэлдүүлээгүй. Монгол хүний оюун санаанаас бүрэлдэн буй болж олон зуун жилээр уламжлагдан тогтсон өвөрмөц соёлын дархлаа юм. Хойшид 10 түрүүлсэн аварга гарахгүй байж болох ч 80 хүрэх аварга байж л таарна. Тийм болохоор би нийт үндэстнийхээ эрх ашгийг бодолцож, монгол бөхийн жудгийг баримталсан ёслол хүндэтгэл хийнэ. Цол дууддаг даваанд тааруулж хөтөлбөрөө засвал би очиход бэлэн. Үгүй бол заавал гарах гээд байх шаардлага алга.
Анх АХ-ын 40 жилийн ойгоор төрсөн нутаг Хяргас сумынхаа 40 жилийн ойд түрүүлж байсан. 60 жилийн дараа тэр дэнж дээрээ очоод ёслол хүндэтгэлээ хийчихэд надад болохгүй зүйл алга. Гэхдээ би сумандаа 10 түрүүлсэн биш улсад 10 түрүүлсэн хүн. 5 олимп, 13 дэлхийн аварга, бусад 70 гаруй олон улсын тэмцээнд Монгол улсынхаа нэрийн өмнөөс барилдаж, Монгол төрийн дууллаа эгшиглүүлж, Монгол төрийн далбааг мандуулж явсан.

Тиймээс Монголын ард түмэн, бөхөд хайртай зон олныхоо сэтгэлийн цэнгэлийг хүндэтгэж Улсынхаа баяр наадам дээр ёслол хийе гэсэн юм. Монгол хүний үнэт зүйл, Монгол бөхийн үнэт зүйл юу вэ гэдгийг хойч үе маань ухаарч, Монгол гэдэг улс дэлхийн олон улс гүрнээс юугаараа ялгаатай юм бэ гэдгийг мэдэж авахад хэрэг болох байх” гэж хэлжээ.












