Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров 2022 оны долдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал, тухайлбал худалдаа, эдийн засгийн төслүүдийг урагшлуулах, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, олон улсын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцоно.

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор түүнийг Монголд ямар зорилготой ирж байгаа талаар таамаг хөвөрч байна. МТЗ ХНН, Эрдэнэт үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг ярина гэсэн сураг бий. Гэхдээ өөр ямар зорилго байж болох вэ. Угаасаа төрийн дээд хэмжээний ямар ч айлчлалд олон нийтэд зарлах ил асуудлаас гадна “Хөшигний ард”, нууц хэлэлцэгдэх асуудал гэж байдаг. Гэтэл ОХУ-ын хэвлэлд Гадаад харилцааны сайдынхаа Монголд хийх айлчлалын талаар бичихгүй байна.

Монголд ч адил, амтай болгон ярьж байгаа ч албан эх сурвалжууд чимээгүй байгаа юм. Гадаад харилцааны яамнаас одоогоор айлчлалын зорилго, хэлэлцэх асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Олны танил нэгэн эрхэм твиттер хуудастаа түүнийг Украины асуудлыг хөндөнө, их хэмжээний мөнгө амалж, манайхныг талдаа татахаар ирж байгаа“ гэж жиргэж, энэ дагуу нь эсэргүүцлийн акц зохион байгуулах талаар сошиалд шуугихад ч тайлбар мэдэгдэл хийгээгүй. Энэ нь магадгүй, айлчлал урьдаас төлөвлөгдөөгүй гэнэтийнх, бас ил зарлах асуудал байхгүй, эсвэл бага гэсэн сэтгэгдэл төрүүлснийг буруутгах аргагүй. Сошиалд ихэд эмзэг ханддаг эрх баригчид ийнхүү дүлий дүмбэ байгаа нь олон нийтийн сонирхлыг улам татаж буй. Тиймээс С.Лавровын айлчлалын цаад шалтгааныг ОХУ-ын сүүлийн үеийн нөхцөл байдал, удирдагчдын байр суурьт үндэслэн таамаглахыг оролдъё.
Умард Атлантын цэргийн эвсэл (УАЦЭ)-ийн бүх гишүүн улсууд өнгөрсөн долоо хоногт Испанийн Мадридад чуулж, цаашид баримтлах бодлогоо шинэчлэн баталсан. Улмаар ОХУ-ыг болзошгүй дайснаа гэж албан ёсоор зарлалаа. Эвсэл хэдий ЗХУ-ын аюулаас сэргийлэх зорилгоор байгуулагдсан ч өмнө нь ингэж ил, тод мэдэгдэл хийж байсан удаагүй. Украины дайны гол шалтгаан болсон “Дорно зүгт тэлэх” ажиллагаа явуулж байх үедээ ч “ОХУ-д ямар ч аюул занал учруулахгүй” гэж баримт тавим баталдаг байсан нь ийнхүү худал болсон. Анхнаасаа л ОХУ-ыг “онилж” байсан уу гэдэг асуултад одоо хариулахад хэцүү, хариуллаа ч ач холбогдолгүй. Учир нь УАЦЭ, ОХУ болзошгүй дайснууд гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо. Одоо харин ОХУ ямар алхам хийх вэ гэдэг асуулт л чухал юм.
Хаа байсан Мадридад болсон УАЦЭ-ийн уулзалт, гарсан шийдвэрийг Монголтой холбох шалтгаан чухамдаа яг энэ, ОХУ-ын хийх алхамтай холбоотой.
УАЦЭ албан ёсны мэдэгдэл хийсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Барууны орнуудын дарамт шахалт, хориг нь ОХУ, Беларусийн нэгдэх үйл явцыг хурдасгалаа” гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн. Беларусийн хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулахад бэлэн гэсэн. Үүнийг ОХУ бусад улс орнуудаас ч холбоотноо олох, хэлхээ холбоогоо бататгах ажлыг эрчимжүүлсэн хэрэг гэж ойлгож болно. Беларусьтай нэгдэх, бусад улсуудтай бол талдаа татах, холбоогоо бэхжүүлэх ажил явна. Өөрөөр хэлбэл, Варшавын гэрээ маягийн, үгүй байлаа гэхэд хатуу гэрээгүй ч холбоотон улсуудаас бүрдсэн УАЦЭ-ийг сөрөхүйц чадамжтай бүтэц бий болгохыг чармайна гэсэн үг. ШХАБ-ыг цэрэглэх хувилбар ч бий. Барууныхан хэзээнээсээ ШХАБ-ыг цэргийн эвсэл болж хувирах магадлалтай гэдэг байсан.
ОХУ хэрвээ ийм төлөвлөгөө зурсан бол гардан хэлцэл хийх хүн нь яалт ч үгүй С.Лавров мөн.

Тэрээр В.Путин мэдэгдэл хийхээс ч өмнө буюу УАЦЭ улсыг нь гол аюул заналаа гэж зарласны дараа Беларусь руу яаравчлан мордож, А.Лукащенкотой уулзсан. С.Лавров өнгөрсөн сарын сүүлээр Иранд очиж Ерөнхийлөгч Ибрахим Раиси, Гадаад харилцааны сайд Хосейн Амир Абдулахиантай уулзахдаа Украины асуудлаар ярилцсан, дараа нь Азербайжанд айлчлахдаа ч Украины асуудлыг хөндсөн. Тиймээс С.Лавровын айлчлал үнэхээр Монголыг Украины асуудал, хоёр туйлын зөрчилд илүү гүнзгий оруулах зорилготой байх магадлалтай. Төрийн өндөрлөгүүдтэй уулзахдаа Украины асуудлыг хөндөж, тодорхой саналууд ч тавих магадлалыг үгүйсгэх боломжгүй. Манайхан мэдээж хувилбаруудыг бэлтгэсэн байж таарна.
Тиймээс эрх баригчид энэ асуудалд улс орныхоо гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тууштай барьж, улс орон ард түмнийхээ эрх ашгийн үүднээс туйлын ухаалаг, алсын хараатай хандах нь тодорхой биз ээ.













