Монголын шинэ дуу хоолой, үндэсний шилдэг дуучин шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны гуравдугаар улирлын ялагчаар Г.Даваадалай тодорлоо. Тэрбээр үзэгчдээс 66.7 хувийн санал авснаар шилдгийн шилдэг оролцогчоор шалгарч, MG RX 5 автомашин, уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн болж буй юм.

Энэ жилийн “The Voice of Mongolia” шоуны сүүлийн шатанд:
Г.Даваадалай /Д.Отгонбаяр/
Э.Амгалан /Б.Наранзун/
Г.Эгшиглэн /Д.Болд/
Б.Ихэрсувд /Ука/ нар шалгарч үлдсэн билээ.
Үзэгчдийн саналаар я лaгчийн төлөө хоёр оролцогч шалгаруулахад Э.Амгалан болон Г.Даваадалай нар тунаж үлдсэн юм. Тэд тус тусын шүүгч, дасгалжуулагчийн зохиосон уран бүтээлийг шоуны сүүлийн дуу болгон үзэгчдэд хүргэсэн. Ийнхүү дахин санал хураалт явуулж, үзэгчдийн саналаар Г.Даваадалай “The Voice of Mongolia” шоуны ялагч боллоо.
Энэ улирлын “The Voice of Mongolia” шоу найман сарын өмнө бүртгэлээ эхэлж байсан ба нийт 4000 гаруй оролцогч бүртгүүлж, авьяас ур чадвараа сорьжээ.
***
Voice шоуны од Г.Даваадалай: Би урлагаас цаашид алхам ч ХОЛДОХГҮЙ…
Урт үс, өвөрмөц сахал, онцгой дуу хоолой, содон төрхөөрөө олны анхаарлыг татаад буй “The Voice of Mongolia” шоуны Д.Отгонбаярын шүүгчийн багт багтсан Г.Даваадалайг энэ удаагийн “10 баримт” буландаа онцоллоо.
Нэг: Тэрээр 1996 онд Өмнөговь аймагт төрсөн. Өдгөө 26 настай.

Хоёр: Рояаль академид хүний нөөцийн чиглэлээр сурч, 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Хятадын Hangzhou хотод 2 жил хэлний бэлтгэлд сураад үргэлжлүүлэн Zhejiang Технологийн Их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөөд байсан ч ковид гарч сургуулиасаа жилийн чөлөө аваад Монголдоо ирээд байгаа аж.

Гурав: Сахлаа жилийн өмнөөс ургуулж эхэлсэн ба Pringles-ийн хайрцаг дээрх зураг болон үздэг киноноосоо санаа авч хэлбэрийг нь сонгожээ.
Дөрөв: Тэрээр шоуны ялагч болох талаар огт бодоогүй байгаа гэнэ. Ямар ч байсан энэ сонирхолтой аяллаа үргэлжлүүлнэ. Миний потенциал намайг хаа хүргэнэ, тэр хүртлээ явна гэжээ.
Тав: Инстаграм хаяг нь 20 гаруй цагийн дотор 11 мянган дагагчтай болжээ. Түүний инстаграм хаяг нь dalai9009.

Зургаа: Одоогоор найз охингүй. “Ирээдүйд би гэр бүл, үр хүүхэдтэй болно. Одоо сурч, мэдэж авсан зүйл магадгүй ирээдүйд хүүхдээ хүмүүжүүлэхэд эергээр нөлөөлж, тус болно гэж боддог. Нөгөө талаасаа би хамгийн дуртай зүйлээ хийж байна. Өмнө нь надад боломж нь арай бага байсан бол одоо миний өмнө илүү том боломж нээгдсэн. Тиймээс ойрын жилүүдэд урлагийн боловсрол, өөрийнхөө хөгжилд анхаарах төлөвлөгөөтэй байгаа” гэжээ.
Долоо: Үсээ дөрвөн жил ургуулж байгаа аж. Нэг хэвийн үсний засалттай байх нь уйтгартай санагдаад л ургуулж эхэлжээ.
Найм: Д.Отгонбаяр шүүгчийг сонгож багт нь ороод буй. Яагаад түүнийг сонгох болсон тухайгаа “Дөрвөн шүүгч эргэж харахад бүгдтэй нь хамт баймаар санагдсан. Шуналтай ч гэмээр тийм хүсэл байсан. Үгнээс илүү үйлдэл гэдэг шиг тухайн үед Д.Отгонбаяр ах яг хүүхэд шиг сэтгэл нь догдлоод, намайг чин сэтгэлээсээ авахыг хүсэж байсан нь гоё санагдсан гэж болно. Бид хоёр ямар нэг зүйлээрээ холбогдоод байх шиг мэдрэгдэж, энэ хүний багт л орох ёстой гэсэн бодлоор сонголтоо хийсэн” гэжээ.

Ес: Бөхийн удамтай. Түүний өвөө нь Монгол улсын өсөх идэр начин бөх бас тээврийн жолооч
хийдэг хүн байжээ.
Арав: Тэрээр ямар нэг төрөл, жанарт баригдаад байдаггүй, бүх төрлийн дуу сонсдог, дуулдаг гэнэ. Өөр орнуудын дууны аялгуу, үгээ хэлж байгаа байдал зэргийг нарийн ажиглаж сонсоход маш гоё мэдрэмж авдаг аж.
Мэдээллийн эх сурвалж Зөв.мн сайтын “VOICE” шоуны ОД Г.Даваадалай: “Би урлагаас цаашид алхам ч ХОЛДОХГҮЙ” ярилцлагыг хүргэж байна. Өнөөдөр түүний ТӨРСӨН ӨДӨР тохиож байна. Баяр хүргэж, амжилт хүсье.













