“Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевиз бүтээдэг, Монголын хамгийн олон үзэгчтэй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн анхны дугаар үзэгчдэд хүрлээ. Хоёр жил завсарласны эцэст дэлгэцнээ эргэн ирсэн “Яг түүн шиг” шоуны анхны дугаарын я лаг чаар поп дива, хатагтай С.Наран шалгарлаа. “Наран хэрхэн хувирах бол, түүний хоолой өөрчлөгдөж чадах болов уу” гэсэн үзэгчдийн хүлээлтийг тэр алмайрлаар солив. Түүний хувьд энэ удаад Солонгосын дуучин, реппер Жессигийн “Nunu nana” уран бүтээлийг хүргэсэн. Цуцашгүй эрч хүчийг мэдрүүлсэн түүний үзүүлбэр үзэгч танд ч гэсэн таалагдсан биз ээ. Анхны дугаарын ялагчтай ярилцлаа.
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн тав дахь улирлын эхний дугаарын я ла гч боллоо, баяр хүргэе. Шүүгчид болоод үзэгчдийн зүгээс таны хаанаас нь энэ их эрч хүч гарч байна вэ гэж гайхаж байна. Жессиг “бүтээхэд” хэр хэцүү байв?
Амаргүй байлаа. Энэ дуучин охин туранхай, өндөр, зууван нүүртэй. Гэтэл би нас, бие галбир, нүүр, хоолой, царай зүсний хувьд түүнээс огт өөр. Энэ цаг үед дэлхий даяараа к-поп урсгалыг сонсдог болсон. Тиймээс буруу дуулж болохгүй, фенүүдээс хатуухан шvvмжлэл ирэх нь гарцаагүй. Тийм учраас үнэхээр их хичээлээ. Амьдралдаа анх удаа үглэж үзлээ. Би Жессиг гаргахын тулд түүний талаар маш сайн судалсан. АНУ-д гадуурхагдаж байсан түүх, амжилтад хүрэхийн төлөөх туулсан амаргүй зам зэргийг уншиж мэдсэн. Дуучин болохын тулд маш их тэмцсэн хүүхэд юм билээ. Энэ бүхнийг уншиж судлаад тэр охины суурин дээр өөрийгөө аваачсан. Ингэхээр өөр ертөнц биш миний ертөнц шиг болоод ирсэн. Сэтгэл зүрхээрээ мэдэрч дуугаа дуулахаар дуулалт нь хүртэл адилхан болоод ирж байгаа юм.

Таны хувьд бүжгийн чамгүй авьяастай нь нөлөөлсөн байх. Бүжгийн хэсэг үнэхээр гайхалтай байсан? Миний хувьд бачата, аргентин танго л сонирхдог хүн шүү дээ. Анх удаа к-поп бүжиг бүжиглэж үзлээ. Үнэхээр гоё юм билээ. Надад маш их таалагдсан.
Үзэгчид болоод шүүгчдийн зүгээс Цоомоо хөтлөгчийн хэлдгээр таныг “Ваав л даа” гэж уулгаж алдаж хүлээж авсан. Таны хувьд энэ дугаарт хэнийг хамгийн гайхалтай оролцогч байсан гэж нэрлэх вэ? Бүгдээрээ л гайхалтай. Манай одооны энэ залуучууд ямар гайхалтай юм бэ.
Залуучуудтай хамтарч ажиллахад уран бүтээлчийнхээ хувьд олж авч буй зүйл гэвэл юуг нэрлэх вэ? Миний хувьд өөрийнхөө ертөнцөөр энэ ертөнцийг харж дуулдаг хүн. Харин одоо залуучуудын хувирч байгаа дүр, дэврүүн, догдолсон төрх, гутарч байгаа царай гээд энэ бүгдийг хараад, мэдрээд сууж байхад “Амьдрал ямар гоё юм бэ” л гэж бодогдож байна. Манай залуучууд миний туулж өнгөрүүлсэн орчноос асар өөр ертөнц. Утсандаа шинэчлэл хийнэ гэдэг шиг би энэ шоунд орсноор өөртөө утгаар нь шинэчлэл хийж байгаадаа супер баяртай байна. Шоуг дуусгасныхаа дараа маш өөр дуу дуулахаар шийдээд эхний ая маань цээжинд орж ирээд, зохиочихоод сууж байна. Огт өөр стилийн дуу дуулахаар шийдсэн. Ер нь би энэ шоунд оролцож байгаадаа үнэхээр жаргалтай байна. Шоуны оролцогч долоон дүү нараасаа “өөр” зүйлүүдийг олж харж, гайхамшигтай, гоё, өөдрөг, нэг их сайхан мэдрэмжүүдийг авч байна. Шоуны арын албанд ажиллаж буй “Боловсрол” телевизийн залуучууд, нүүр будаж байгаа, хувиргаж байгаа залуучууд гээд шоуны эд эс, тайзыг нь хүртэл би хайрлаж байна. Бүх хүмүүст нь дурлачихаад байна. “Яг түүн шиг” ийм гайхамшигтай шоу.
Таны хувьд шоуны урилгыг нэлээд эргэлзэж хүлээж авах шиг болсон? Тэгсэн. Хэцүү шүү дээ. Миний хувьд энэ шоуг залуучуудын шоу гэж ойлгосон. Надад дахиад “Яг түүн шиг” нэвтрүүлэгт оролцох боломж бага. Миний амьдралд тохиож байгаа өөрийгөө үзүүлэх ганц боломж бол энэ нэвтрүүлэг. Би ийм дуу дуулдаг, надаас ийм хоолой гардаг гэдгийг, “Би чинь арай өөр хүн. Надтай бүрэн танилцаарай” гэж үзэгчидтэйгээ жинхэнэ утгаараа “бүтэн” Наран танилцах гэж байна. Магадгүй үзэгчид намайг дуулсан дуугаар л таньж байгаа. Харин энэ шоунд орсноор “Наран нэг иймэрхүү характертай юм байна. Нарангийн дотор ийм олон хүн байсан юм байна” гэдгийг олж харах боломж гэж бодож байгаа.
Багтай дуулахад хүндрэлтэй байна уу? Багтай дуулах маш хүнд нөхцөлтэй. Юм идэж болохгүй, хөлс гаргаж болохгүй. Хөлс гарвал баг нь хуулрах гээд байдаг. Дээрээс нь арьсыг маш их гэ мтээдэг юм байна.
“Нарангийн хоолой өөрчлөгдөх болов уу” гэсэн эргэлзсэн нэг хэсэг үзэгчид байхад “Нарангийн хоолой хэрхэн өөрчлөгдөх бол” гэсэн үзэгчид ч байна? Хүн болгон л эргэлзэж байх шиг байна. Нарангийн хоолой хувирах болов уу, чадах болов уу гэсэн эргэлзээ их байна. Орсны хэрэг байгаа юм уу ч гэж хандах нэг хэсэг байгаа. Гэхдээ миний ертөнц дотор асар олон хүн бий. Нарангийн дотор маш олон хүн байж байж дуучин гэж дуудуулж яваа. Хэрвээ ганцхан хүн байсан бол өөр стилээр дуулж байгаа. Дотор минь асар олон хүн байгаа учир тэр олон дууг олон хоолойгоор амьдруулж байгаа. Миний хувьд энэ шоуг уралдаанаар бодож, сүржигнээд, бэлдээд байх зүйл байхгүй. Шоунд оролцсоноор маш олон гайхалтай залуустай ажиллаж байна. Дууг дуулж, амьдруулж байгаа дэлхийн ододтой хоолойгоороо дамжиж найзалж байгаадаа баяртай байна. Надад хэзээ ч олдохгүй боломж шүү дээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл













