Олон нийтийн цахим сүлжээнд Шангриллагын хажууд явган хүний зам дээр ТҮЦ нээсэн тухай зураг пост хөвөрч буй юм. Тэгвэл эл ТҮЦ-ыг хэн гэгч ямар иргэн хаанаас зөвшөөрөл авч нээсэн нь тодорхой бус бөгөөд асууж тодруулах гэсэн боловч мэддэг хүн нь алга хэмээн хариулт өглөө. Ер нь Улаанбаатар хотод ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ ажиллуулахад тодорхой дүрэм журам, хуульчилж заагаагүй байдаг бөгөөд иргэд дураараа зөвшөөрөлгүй жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах нь элбэг байдаг байна.

Энэ талаар түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ээр амь зуугчдын холбооноос НИТХ, Засаг дарга болон НИТХ-ын дэргэдэх дэд хороонд хандаж, шаардлага ирүүлсэн байна.

Тэд шаардлагадаа “Улаанбаатар хотод ТҮЦ ажиллуулахад холбогдох дүрэм, журам тодорхойгүй байдгаас хүндрэл учирч байгаа тул дүрэм, журмыг цэгцэлж өгнө үү” гэжээ.
Одоогоор ТҮЦ ажиллуулахад чиглэсэн хүчин төгөлдөр хууль байхгүй. ТҮЦ ажиллуулж буй хүмүүс НИТХ-аар баталсан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах журам”-ын хүрээнд ажиллаж байгаа ч эдгээр нь ХЗДХЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй учир журмуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч эхэлжээ.

Цаашид дээрх хоёр журмыг шинээр батлан, 2022 оноос хэрэгжиж эхлэх хуулиудтай уялдуулан зохицуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгөхийг хүссэн байна. Иймд НИТХ-ын тэргүүлэгчдийн өчигдөрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдлээ.













