Хэнтий аймгийн гаралтай дуучин Г.Чинболор, Б.Энхмэндтэй хамтарч, “Хайрын орчлон, “Гэгээн гуниг” зэрэг олон дуу дуулсан.

Дуучин Г.Чинболор төрийн албанд удирдах алба хашиж, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга болжээ. Ер нь сүүлийн хоёр Ерөнхий сайдыг дагаж, төрийн албаны томилгоонд Хэнтийнхэн их очих болсон.

Хоёр жилийн өмнө ганц өдөр чуулаад 78 сая төгрөгөөр хоол идэж, 30 саяар урлагийн тоглолт үзсэн том чуулган болсон. Энэ нь Ерөнхий сайдын ивээл доор “Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө” оруулалт чуулган ганцхан өдөр болж, БОАЖЯ-наас 202 сая төгрөг гаргасан.

Энэ чуулганд төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж, ахуйн нэгжүүд, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн нийт 800 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Энэ чуулганы мандат нь 3 сая 464 мянган төгрөгөөр хэвлүүлж, зөвхөн цайны завсарлагаанаар 12 сая төгрөгийн цэвэр ус уусан байдаг. Тэр бүү хэл үдийн, оройн хоол гээд “Улаанбаатар” ресторанд 55 сая давсан төгрөгөөр хоол идэж, “Элит” ресторанд 22 сая 425 төгрөгөөр кофе ууж, зоог барьжээ.

Урлагийн тоглолтод 30 сая төгрөг зарсны ихэнхийг нь Ерөнхий сайдтай нутаг нэгт нийтийн дуучин Чинболор авчихсан байх юм.

Дуучин Чинболор Нийтийн дуучдын холбоогоор дамжуулан 10 сая, “Алтан дэлт ажнай” компаниар дамжуулан 10 сая төгрөг авсан байдаг. Иймээс дуучин Г.Чинболорыг Хэнтий аймгаас төрсөн Ерөнхий сайд болох У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын ивээл хайранд ингэж “туйлж” яваа гэх юм билээ.
ЭХ СУРВАЛЖ: socialmedee.mn













