Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, уртын дуучин Г.Дадьсүрэн өөд болжээ.
Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат тэрбээр Соёлын гавьяат цол хүртсэн хоёрхон малчны нэг нь (нөгөө нь Өмнгөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат, ерөөлч Г.Оргой). Г.Дадьсүрэн алдарт уртын дууч Н.Норовбанзад агсанд “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг зааж өгснөөр нь хүмүүс сайн мэднэ.

“Дэрэнгийн дэлт хар”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж агсны шүлэгтээ түүний тухай:
“Манай нутагт алт байхгүй
Майхан хөсөг болж битгий наашаа зүглэ
“Алтат” нэртэй олон газар байхгүй ч
“Алтангадас” гэж ганцхан бууц бий
Эрхэс гаригаа хонхортоо аргамжаад налайх энэ бууцанд
Эрхэм Дадь гэж их сахалтай буурал хуурдаж суудаг юм” хэмээн тэрлэж байв.













