Монголчуудын хэзээнээс танил болсон Моя семьяа гэх жүүс хэрэглэгчдэд хүрээд цөөнгүй жилийг ардаа орхиод байна.
Монголын хамгийн том гэгдэг Номин, Сансар супермаркетууд, цаашлаад найман нэрийн барааны дэлгүүр, Нарантуул зах гээд хаа сайгүй зарагддаг энэ ундаанаас бөөлжис цутгам хог хаягдал гарснаар худалдан авагч бухимдаж олон нийтэд дэлгэжээ.

Тухайн хэрэглэгч энэ талаараа “Арай дэндүү юм аа энэ жүүснээс ийм заваан юм гарлаа. Эрүүл ахуйн хяналт, аюулгүй байдал гэж алга, арай ч дээ.
Юу идэж, хэрэглэж байгаа бол гэдэгтээ маш их эргэлзэж байна. Хаана, хэнд хандах, ийм тохиолдолд мэргэжлийн байгууллага нь авдаг арга хэмжээ хэр далайцтай байдаг юм болоо” хэмээн эмзэглэн бичсэн байна.

Эндээс импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний хяналт шалгалт ямар хэмжээнд байдаг вэ, өнөөх л Замын-Үүдийн хилийн хяналт, шалгалт яаж хийгддэг вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Нөгөө талаар ачаа бараа нь гацаад амь тасарлаа хэмээн усан нүдлэх аж ахуйн нэгжүүд ямар гээчийн хор зөөж ашиг хийж байна вэ гээд олон асуулт урган гарч байна.

Ер нь хилийн мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа маш муу явж ирсэн нь саяхан тохиолдсон 100 сая төгрөгийн муудсан тахианы махнаас тодорхой харагдсан.

Хэрэв Замын-Үүдэд салхи оруулж завхарлыг нь зогсоогоогүй бол энэхүү орос нэртэй аймшигт жүүс шиг 100 сая төгрөгийн тахиа орж ирээд хичнээн хүнийг хордуулах байсныг хэн ч хэлж мэдэхгүй юм.













