Зохиолч Х.Дуламсүрэн “Нэг аппарат Нэлээд хэдэн амь” сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулж нэн шаардлагатай амьсгалын аппарат ЭХЭМҮТ-д хандивлах гэж буй талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Өмнөх мэдээг энд дарж уншина уу.
Тэгвэл сайн үйлсийн аянд нэгдсэн олон нинжин сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн дэмээр бүтсэн Амьсгал дэмжих аппарат ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хандивлагджээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан ийнхүү сэтгэгдэлээ илэрхийлсэн байна.
“Та нартаа дуулгах сайхан мэдээтэй. Та бүхний сэтгэлийн дэмээр бүтсэн Амьсгал дэмжих аппарат маань ЭХЭМҮТ ийн Эрчимт эмчилгээний тасагт хандивлагдлаа.
Яг энэ хэцүү цаг үед нэн шаардлагатай аппарат байна гэсээр эмнэлгийнхэн маань сэтгэл өндөр хүлээж авлаа. Сүүлийн үед тэр тусмаа зургаа, долоон сард kopoнaвиpycаар хүндэрсэн жирэмсэн ээжүүд хот, хөдөөнөөс их ирж байгаа болохоор ачаалал ихтэй, сэхээн амьдруулах тасагтаа нэмэлт өрөөнүүд гаргаж, эмч нар маань амрах ч завгүй ачаалал ихтэй ажиллаж байна хэмээн тэд маань яриандаа дурдаж байв.
Ямартаа ч та бидний өгсөн сэтгэлийн хандив бие давхар эхчүүд, бяцхан үрсийн маань амь насыг аврахад тус дэмээ өгөх байхаа.
Жирийн цаг үед жирэмсэн ээжүүд хүндрэлтэй төрөхөд ямар хэцүү байдаг билээ, хэвлий дэх үрээ гэх үү, өөрийгөө гэх үү үнэхээр амаргүй байдаг. Гэтэл энэ хүндхэн цаг үед kopoнaвиpycтай жирэмсэн эхчүүд маань ямар хэцүү байгаа болдоо гэж бодохоор сэтгэл зовохгүй байх аргагүй байлаа. Тиймдээ ч Сайн Үйлсийн Аянаа зориглон явуулсан юм.
Kopoнaвиpycт зориулагдан үйлдвэрлэгдсэн Амьсгал дэмжих NF5 аппаратын гаднаас оруулж ирэн олон хүнд буян болж байгаа, IMed Technologies компаны хамт олондоо ч маш их баярлалаа. Буян заяа нь дэлгэрч яваг” хэмээжээ.













