Эрүүл мэндийн салбарынхан цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч, төр, засагт шаардлага хүргүүлээд байгаа. Тэд цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж, сөхөрч уналаа гэдгээ мэдэгдсэн. Мөн шаардлагыг нь хүлээж авахгүй тохиолдолд шат дараалсан арга хэмжээ авч, ажил хаялт зарлахаа ч хатуу мэдэгдсэн билээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзаж эмч, сувилагч, асрагч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн авсан.
Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хангах чиглэлээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж хэлсэн юм.
Гэтэл Үүнтэй зэрэгцэн УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд эрүүл мэндийн салбарынхны эл шаардлагыг хүлээн авах боломжтой эсэхийг асуухад Эрүүл мэндийн сайд тов тодоор ‘Манай улсад ийм боломж, бололцоо байхгүй. Цалинг хоёр дахин нэмэхгүй’ гээд зарлачихлаа.
Улсад нь эрүүл мэндийн салбарынхны цалинг хоёр дахин нэмэх 1,1 их наяд төгрөг байхгүй. Гэтэл эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тэгэхээр цар тахлын хүнд энэ нөхцөлд эмнэлэг, гэрээр эмчлүүлж байгаа олон өвчтөн, тэр дундаа амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүмүүсээ яах вэ…
Эх сурвалж: 24tsag.mn













