Ардчилсан намын удирдлагууд гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэн, 100 сая төгрөгийн дэнчин авч улмаар нууц гэрээ байгуулан 200-300 сая төгрөг гишүүдээсээ нэхсэн талаар манай сайт мэдээлсэн. Түүний дараах нь дэнчингээ тушаасан бэл бэнчинтэй хүмүүсийнх нь нэрс ил болж, удахгүй хоёрдугаар шатны 300 сая төгрөгөө тушаана гэж сайрхах гишүүд ч байсан. Нөгөөтээгүүр, энэ удаагийн УИХ-ын сонгуульд 208 иргэн бие дааж нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгснийг тус газраас албан ёсоор мэдээлсэн. Бие дааж нэр дэвшихээр шийдсэн иргэдийн дунд Ардчилсан намынхан цөөнгүй байсан.
Тодруулбал Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Г.Уянга, Г.Баасан, С.Баярцогт, Д.Доржпүрэв нараас эхлээд АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа хүртэл бие дааж өрсөлдөхөөр шийдсэн байсан нь цаанаа учиртай байжээ. С.Эрдэнийн үйл ажиллагаа Монголын төрийн эрхийг 30 гаруй жил барилцаж ирсэн АН-ыг сүйрүүлж, улмаар хууль хяналтын байгууллагуудаар “хоолойг боолгож” магадгүй хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард АТГ–аас нийгмийн даатгалын сантай холбоотойгоор Ц.Уртнасан тэргүүтэй хоёр хүнийг цагдан хорьсон. Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд байхад нь НДЕГ–ын даргаар ажиллаж байсан бөгөөд цаашид АТГ–аас нийгмийн даатгалын сангийн асуудлаар нийт 11 хүнийг шалгах тухай мэдээлэл гарсан.
Дээрх мэдээлэлтэй зэрэгцээд шалгалтын явцад АН-аас УИХ-д нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн хүмүүсийн нэрс, мөнгөний баримтуудыг АТГ–аас хураан авсан, мөнгөний эх үүсвэрийг шалгах тухай мэдээлэл тархсан. Тэгвэл тус мэдээлэл үнэний ортой байжээ. Тус намын 100 сая төгрөгийн дэнчин, цаашлаад нууц гэрээний 200-300 сая төгрөгийн асуудлыг АТГ–аас шалгаад эхэлчихжээ. Тэр ч бүү хэл, 100 сая төгрөгийн дэнчин тушаасан гишүүдээс нь тайлбар авч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн өмнө АН-аас нэр дэвшигчдийн нэр дэвших эрхийг түдгэлзүүлэх ноцтой байдал үүсч мэдэхээр байна. АН-ын 100 сая төгрөгийн дэнчин анхнаасаа хууль бус байсан. Сонгуулийн хуулийн ноцтой зөрчиж, дэнчингээ тушаасан гишүүдээ сонгуулийн өмнө “ална” гэдгийг зарим гишүүд анхааруулсаар өдийг хүрсэн билээ.