Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх тодорхой тогтоол гаргаж, нийгмийн даатгалаас иргэн, аж ахуй нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуй нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газрын өнөөдрийн /2020.4.17/ хуралдаанаар баталлаа.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болсон. Үүнд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад аж ахуй нэгж хамаарна.
Зарим төрийн бус байгууллага үүнд хамаарна. Тухайлбал, өмчийн хэлбэр үл хамааран их, дээд сургуулийг хамруулж байна.
Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураараа даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна.
Дээрх хугацаанд иргэдийн энэ оны эхний гурван сард төлж байсан нийгмийн даатгалын дунджаар дэвтэрт нь бичилт хийнэ. Мөн аж ахуй нэгж, байгууллагын дээрх хугацаанд төлсөн дүнгийн дунджаар чөлөөлнө. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн энэ хэмжээнээс дээш дүнгээр шимтгэлээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилт хийлгэж болно.
“Болор дуран”-аар шалгав.