Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ он солигдох мөчид өрх бүрд 1 сая төгрөг олгоё, ингэхдээ 200 мянгыг нь бэлнээр, 800 мянгыг нь үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг хэлбэрээр шийдье гэж уриалсан байдаг. Гэвч уг тогтоолын төслийг УИХ хэлэлцэхгүй хичнээн ч удаан буцаав…
Намрын чуулган завсарласны дараа Ерөнхийлөгч ээлжит бус хуралдаан зарлаж, уг тогтоолын төслийг хэлэлцүүлнэ гэсэн ч бүтэлгүйтсэн. МАН олонх парламентын хувьд Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд нүдэн балай, чихэн дүлий ханддаг байдал нэгэнт тогтчихоод байгаа нь үнэн.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын үйл ажиллагаанд хамгийн их хориг тавьсан Ерөнхийлөгчөөр нэрлэгдэж байгаа. Хоригийнх нь гарын таван хуруунд багтах цөөн хэдийг л парламент хүлээн авсан байдаг. Ялангуяа сүүлийн үед батлагдсан Шүүхийн тухай, Авлигын эсрэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад тавьсан түүний хориг тас цохиулсан. УИХ-ын гишүүдийн хувьд хуулиудыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд уялдуулж хийж буй хэмээн тайлбарлаж, хатуу гүрийдэг.
Тэгвэл Ерөнхийлөгч дахиад л өрх бүрд 1 сая төгрөг олгох төслөө ярьсан. Ингэхдээ Засгийн газраар хэлэлцэж өгөөч хэмээн ханджээ. Яг одоо Засгийн газар хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдаж байгаа юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аль болох ААН, бизнесээ дэмжинэ гэдэг агуулгыг баримталж буй. Ерөнхийлөгчийн хувьд үүнтэй санал нэг байгаа бөгөөд хэрэв хөл хорио тогтоовол өрх бүрд 1 сая төгрөг олгоорой гэх утгаар албан бичиг хүргүүлжээ.
1 сая төгрөг олгох асуудлыг хэт халамжийн бодлогын шинжтэй гэж шүүмжилж буй. Иргэд 1 сая төгрөгөө шууд идэхгүй худалдан авалт хийж, ААН-үүдэд орлого оруулна. Энэ ч үүднээсээ Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгийн цаана эдийн засгийн цусны эргэлтэд хүч нэмэх бага ч гэсэн нэмэртэй логик юм.
Барагтай зүүдэлж сэрдэг болсон 1 сая төгрөгөөс нь энэ удаад Засгийн газар татгалзах нь уу, болгоох нь уу, харж сууя.
Эх сурвалж: Eguur.mn