Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ. Манай улсад нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиосонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 590 иргэн сураггүй алга болсон ч эрэн хайх ажиллагаа хийсний үр дүнд 579 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Байгаль цаг уурын эрхээр амьдардаг малчин түмэнд тулгарсан байгалийн давагдашгүй хүчин зүйлс цаашид ч дахин нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй тул бид эрдэнэт хүний амь насыг хамгаалах, давагдашгүй нөхцөл байдлын үед малчид болон онцгой байдлын албан хаагчид хэрхэн мэдээлэл солилцох, цаг алдалгүй эрэн хайх ажиллагааг явуулах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.
Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд Монгол Улсын Засгийн газар малчдыг онцгой нөхцөлд хэрэглэдэг утаат дохиолол, олон улсад өргөнөөр хэрэглэдэг 48 цагийн турш тусламжийн дохиолол илгээх галт дохиолол болон байршил тогтоох GPS гэх мэт шаардлагатай төхөөрөмжөөр хангах бодит шаардлага үүссэн байна.
Иймд эрдэнэт хүний амь насыг хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан дээрх заалтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт дахин сануулъя хэмээжээ.