30 сая төгрөгийн өрөнд ороод нөгөө ертөнц рүү явчихлаа гэх мэдээ уншив (Орон нутагт гарсан хэрэг юм байна) Юун хямдхан амь вэ. Энэ яваа насандаа төлж барамгүй өр тавиад дахиад бизнес хийгээд шатаж явсан. Нэг хаалга хаагдаад шүдээ зуугаад босоход 1000 цонх нээгддэг гэж үг бий. Нийт иргэдийг нэвт хулхидсан ХЗХ-ны нөхдүүд бүгд эрүүл саруул, зарим нь бүр дарга сайд болчихсон тууж явна. Үүнийг туг барина, тугал хариулна гэнэ шүү дээ. Өрнөөс зугтаад нөгөө ертөнц рүү явлаа ч төлөгдөхгүй.
Харин ч улам хичээж хөдөлмөрлөж байж өрөө төлнө шүү. Өрөө төлөх чинь өөрийгөө ялахын эхлэл юм. Улсад хэдэн зуун тэрбум төгрөгөөр хохирол учруулсан этгээдүүд төрийн ордонд заларч байхад нэг муу дурлал, ялих шалихгүй өрөнд үхэх болохгүй ээ. Өр ширэнд ороод гундуухан явахад байрны ах нар тамхиар дайлангаа Эр хүн шиг байна шүү гэж зоригжуулдаг, ийм ажил бизнес байна, хий гэдэг байв. Амьд хүн аргатай аргалын цог илчтэй гэдэг үнэн шүү. Өрнөөс гарах хялбар арга зам бол нөгөө ертөнц рүү явах биш ажил хөдөлмөр гэдгийг л ойлгоод авчихаарай залуус минь.