Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авсан юм. Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 211 хүн хяналт, тандалтад байна.Монгол Улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдэж байна. Өмнө нь илэрсэн 12 тохиолдлын хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа билээ. Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 12 тохиолдол:Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв. Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн. 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.