Cypaгчдын дyy шyyгиaн oвoлзoж бaйcaн aнгид шиpvvн xapцтaй бaгш гэнэт opж иpлээ. Cyрaгчид pyy нэг aйxтap xapcнaa xичээлдээ орлоо. Шохой аван самбар дээр томоос том 1-ийн тоо бичээд: ‘Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл’ гэв. Тэгээд 1-ийн тоогийн дараа 0 нэмж бичээд: Энэ бол хичээл зүтгэл. Жинхэнэ хүн чанар (1)-г (10) болгож чадна. Дахин нэг (0) нэмээд: Энэ бол мэдлэг боловсрол. 10 байсныг 100 болгоно. 0-үүд цааш үргэлжилсээр: Ур чадвар, сахилга бат, харилцаа холбоо… Нэмж бичигдэх (0) бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон (0) үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв:
‘Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй’ гэлээ. Сурагчид үүнийг сонсоод нам гүм бодлогошров… Ийм хичээл сурагчдын ой тойноос хэзээ ч мартагдахгүй байх. Гэхдээ ‘Хүн чанар’ гэж чухам юу вэ, хэрхэн эзэмших вэ? гэсэн асуултанд тэд насан туршдаа хариулт эрж, бас амьдралаараа шалгалт өгсөөр явна.
“Энэ ертөнц бол сургууль юм. Ухаарч хөгжиж цэцэглэсэн хүн сургуулиа төгсөнө. Үүнийг чанадад хальсан гэгээрэл гэдэг. Бодь чанараар цэцэглэж чадахгүй л бол сургуульдаа улирсаар байна. Үүнийг үйлийн үрээр дахин төрөх – сансрын хүрд гэдэг. Өөрөөр хэлбэл, хүн чанар бол бурхан чанарын үр юмсанж. Хүн чанар бүрэн дэлгэрснийг л бодь хутаг гэж ойлгож болно. Энэ бол хэлбэрийн биш, чанарын тухай ойлголт. Хэлбэр талд гадаад дүр төрх, нийгмийн байр суурь, зэрэг зиндаа, зан суртахуун, тэр байтугай мэдлэг боловсрол ч хамаарна. Соёлтой харьцаа, найрсаг инээмсэглэлийн цаана хүйтэн сэтгэл нуугдаж болдог. Олон диплом өвөрлөж, зэрэг цол хамгаалсан нэгэн байлаа гээд хүн байх албагүй. Хэрэв түүний дотор бэртэгчин сэтгэл байгаа бол бусад бүх зүйл нь эго-д үйлчлэх хэрэгсэл болж таарна. Гадна талдаа эгэл нэгэн боловч дотооддоо агуу бурханлаг нэгэн байж болно.
Бодь сэтгэл өвөрлөсөн агшинд боолын боол, үйлийн үртэн ч Бурханы хөвүүн болж, буяны цогоор ертөнцийг бишрүүлнэ гэж Гэгээрлийн хөтөч сударт айлджээ.
Тийм нэгэн жишээг дурдвал: 1987 онд 74 настай Бай Фанг Ли хэмээх хүн тэрэгчин нуруугаа амраах цаг болсон хэмээн үзэж нутаг усандаа буцаж иржээ. Төрсөн тосгондоо ирсэн түүнийг мөнгө байхгүйгээс сургуульд сурч чадахгүй өдөржин шөнөжин будааны талбайд бөртөлзөн ажил хийн зарагдаж, эсвэл хог ухан амь зогоох өнчин ядуу хүүхдүүдийн хувь заяа зовоогоод зүгээр сууж чадсангүй.
Хөөрхий Бай Фанг Ли хөгширч ядарсан ч хүн зөөж, мөнгө олдог байсан Тянжин хотдоо буцаж ирлээ. Түм түжигнэж, бум бужигнасан Тянжин хотын Галт тэрэгний буудалд хүн зөөвөрлөх ажилдаа буцаж ирсэн түүнийг хэн ч ад үзсэнгүй. Амин зуулгын төлөө л хүн энд ирдэг гэдгийг тэд бүгд мэднээ.
Тэнд тэрээр өдөр шөнийг ялгалгүй 24 цаг хүн хүлээж, олдсоноо идэж, хаягдмал гутал хувцас өөд нь татан өмсөж, хог түүгчдийн хоног төөрүүлдэг салбархай оромжинд унтаж, харин зовж олсон бүх мөнгөө сургуульд явж дийлэхгүй байгаа төрөлх тосгоныхоо ядуу зүдүү, өнчин өрөөсөн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөхөд зарцуулжээ.
74 наснаасаа хойш дахиад арван зургаан жил амсхийлгүй зүтгэсэн өвгөн 2001 онд Тянжиний ЯаоХуа дунд сургууль дээр эцсийн удаа олсон мөнгөө тушаахаар иржээ. Мөнгөө тушаангаа тэрээр багш, хүүхдүүдэд хандаж, чадал нь үнэхээр барагдаж, хөдөлж чадахгүйд хүрсэнээ хэлж, дахин хүн зөөж хүүхдүүдийг сургах мөнгө олж чадахгүй болсондоо хүлцэл өчин нулимс дуслуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, нулимс унагахад хүргэжээ.
Эдгээр он жилүүдэд хөгшин Бай Фанг Ли хүн тэргээрээ борви бохисхийлгүй хөдөлмөрлөснөөр нийт 350,000 юан буюу 55,000 орчим доллартай тэнцэх мөнгө цуглуулсан нь 300 гаруй өнчин, ядуу хүүхдийг сургуульд суралцуулж дөнгөсөн юм. Тэрээр жижигхэн хатингар биетэй, үг дуу цөөтэй, хүний өгснийг л авдаг бөгөөд хэзээ ч түүнийг нь голж байгаагүй тул олон хүн түүнээр зөөлгөхийг илүүд үздэг байжээ. Бай Фанг Ли 2005 онд хүн төрөлхтөнд хүн хэн байх нь чухал биш, хүн байх нь, сэтгэл зүрхтэй байх нь чухал гэдгийн үлгэр дууриалыг үзүүлээд энэ ертөнцөөс хальжээ. Харин одоо түүний сургуульд сургасан өнчин ядуу хүүхдүүдийн түрүүч өсч том болоод бусдын төлөө үхэн үхтлээ зүтгэсэн өрөвдөлтэй мэт боловч гайхамшигтай өвгөний үйл хэргийг үргэлжлүүлэх болсон гэнэ.
Боловсролгүй, хүний хаясан хувцас өмсөж, олдсоноо идэн гудамжинд хоног төөрүүлж явсан ядуу тэрэгчин 300 хүүхдийг сургуульд сургаж чадсан байхад та, бид өөртөө байгаа бололцоогоо шавхан дайчилбал ядарч зүдэрсэн хичнээн хүний хувь заяаг эергээр өөрчилж болох бол… Та тэдний нэг нь байж болно шүү дээ. Хэн байх нь чухал биш, юу өмсөх нь чухал биш. Зөвхөн хүн байх нь чухал хэмээн эл сургамжит түүхэнд өгүүлжээ. Уг түүхийн баатар тэрэгчин өвгөн жинхэнэ Зэн мастер байжээ гэж бодогдсон. Учир нь, тэрээр элдэв бодолд уймралгүй энд-одоо цагтаа оршиж, ажил үйлэндээ төвлөрч чаддаг байсан учраас л тийм өндөр насанд баймгүй эрч хүч тэр атигар жаахан биеэс ундарч байжээ. Бясалгал гэж өөрөө ч мэдэхгүйгээр бясалгал хийдэг байж. Бясалгалын цэцэг дэлгэрсний цорын ганц баталгаа нь Оршихуйд өөрийгөө өргөл болгосон их хайр нигүүлсэл гэж Агнистын Гэгээд өгүүлдэг. Гаднаа эгэл боргилхон харагдавч тийм зүрх сэтгэлтэн Бурханы хүү юм аа.