Монгол Улсын Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорионы дэглэм тогтоосон энэ цаг үед Нийслэл хотынхоо иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн тасралтгүй албан үүргээ гүйцэтгэж, “Түүхий нүүрс”-ний хэрэглээнд хяналт тавин ажиллаж буй ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчдад Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хамт олны зүгээс 2500 ширхэг амны хаалтыг сэтгэлийн хандив болгон өглөө.
Хандивыг цагдаагийн бие бүрэлдэхүүний төлөөлд өнөөдөр /2020.12.11/ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, захиргааны хэлтсийн дарга О.Алтангэрэл нар хүлээлгэн өгч, дэлхийг хамарсан цар тахлын үед нийслэл хотынхоо ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэн цаг наргүй ажиллаж байгаад иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, тус албаны хамт олонд эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.
Мөн тус газрын зүгээс нийслэлийн гэр хорооллын иргэдээ дулаан, тавтай өвөлжүүлэхээр эрсдэл үүрэн хичээн тасралтгүй ажиллаж байгаа Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрлах 610 борлуулалтын цэгийн сайжруулсан шахмал түлш борлуулагч нар, хангамжийн баазын ажилтнууд, диспетчерүүдэд амны хаалт, пластик нүүрний хаалт, гар ариутгагч гелийг тараасан юм.