Иpгэншлээ coлин Moнгoлын тaмиpчин бoлcoн, дэлxийн aвapгa Moллaей Caеид xэдxэн xoнoгийн өмнө ‘Их дуулга’-аас хүрэл медаль хүртэн Монгол улсын далбааг мандуулан биднийгээ баярлуулсан. Тэрбээр Монголын тамирчин болохын тулд ямархуу адармаатай зам туулсан талаар энд өгүүлье.
Иран бөх манай улсын өмнөөс барилдах гэж байгаа, Манай бөхчүүд улс орноо удирдаж байгаа хэмээн гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших цахим хуудсандаа нийтэлжээ. Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Моллаей Саеид Монголын иргэншил авч, манай улсыг төлөөлөн тэмцээнд оролцох болсныг ёжилсон хэрэг. Үүнээс үүдэн иран бөхийг улсынхаа тамирчин болгох шаардлага байсан эсэх асуулт урган гарна.
МОНГОЛЫН ЖҮДОД ТҮҮНИЙ ОРОН ЗАЙ БИЙ
Монголын жүдо бөхийн 81 кг-д ДАШТ-д хоёр удаа V байрт шалгарсан, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн манай улсын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга О.Ууганбаатар, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн нарын цөөнгүй шилдэг бий. Ази, олон улсын тэмцээнд түрүүлэх хэмжээнд хэн нь ч барилддаг. Харин өнөөг хүртэл хугацаанд монголчууд 81 кг-д олимп, дэлхийн аваргаас медаль хүртээгүй яваа. Эл бараан цувралыг зогсооход төдийгүй Монголын жүдочдын амжилт, ур чадварыг улам ахиулахад Моллаей Саеид чухал нөлөөлөх нь мэдээж. Монголын жүдод түүний орон зай бий. Дүрэм ёсоор Моллаей Саеид Монгол улсын иргэншил авсан тохиолдолд дэлхийн чансааны оноогоо хасуулах учиртай байв. Г.Отгонцэцэг Казахстаны тамирчин болохдоо чансааны оноо нь тэгээс эхэлснийг спортын хорхойтнууд сайн мэднэ. Тэгвэл IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо улс төрийн шаардлагаар иргэншлээ сольсон түүнийг онцгой нөхцөл байсан хэмээн үзэж, оноог нь хэвээр үлдээжээ. Тэрбээр одоогоор жиндээ чансаагаараа дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.
27 настай Моллаей Саеид сүүлийн гурван ДАШТ-д медалийн төлөө барилдан, дэлхийн аварга болсон ч Монголыг төлөөлөн бүх тэмцээнд оролцоно гэсэн үг биш. Дотоодын өрсөлдөөнөөс шалгарч, бусад тамирчдын адил замнал туулна. Тэгэхээр 81 кг-д олимп, ДАШТ-д зодоглох боломж бүх жүдочид бий.
Аливаа зүйлийн анхдагч байх амаргүй. Гадаадын жүдоч Монголын иргэншил авсан анхны тохиолдлын эзэн нь тэр. Тэр хэрээр Монголын жүдогийнхны төдийгүй ард түмний хувьд шинэ зүйл. Тэр хэрээр монголчууд хэрхэн хүлээж авах нь бусад орныхны сонирхлыг татаж байгаа нь мэдээж.
Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Өмнө нь Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байлаа. Үүний улмаас Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. Харин Моллаей Саеид өнгөрсөн жил дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Тэрбээр эхний хоёр барилдаанд өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө цэвэр ялав. Гуравдугаар тойрогт Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортьег цэвэр ялав.
Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч уруу утсаар холбогдон, Моллаей Саеидийг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Учир нь хэрвээ дахин ялбал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв. Хэрвээ хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн аж. Үүнийг сонссон Моллаей Саеид бие халаалтын өрөөнд уйлсан гэнэ. Түүгээр ч үл барам түүнийг хагас шигшээд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон улсад суух Ираны элчин сайдын яамны төлөөлөгч Моллаей Саеидтай уулзан, дахин сануулжээ.
Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн гэнэ. Ийм хүнд байдалд орсон Моллаей Саеид Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагджээ. ДАШТ-ий дараа Моллаей Саеид өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьсан. Тийм хүнд байдалд яаж ч өмнөх шигээ барилддаж чадах билээ.
ДАШТ-ий дараа Моллаей Саеид Иран руу буцалгүй Европ руу дүрвэсэн. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, түүнийг Монголын харьяат болгосон юм.
МОНГОЛЫН ИРГЭН БОЛСОН МОЛЛАЕЙ САЕИДИЙГ АЛГАА ТОСОН УГТЪЯ
Иранчуудад нүд үзүүрлэгдэн, заналхийлүүлж, хүнд байдалд байхад нь түүнд Монгол Улс алгаа тослоо. Моллаей Саеид манай улсын нэрийн өмнөөс оролцох эхний тэмцээн нь БНХАУ-д энэ сарын 12-14-нд болох “World masters”. Ер нь ямар ч хүнд иргэншлээ солих амаргүй байдаг. Ялангуяа тамирчдад бүр ч хэцүү. Тухайн орны иргэд хэрхэн хүлээж авах, өөрийн орон зайгаа олж, амжилт гаргаж чадах эсэх гээд олон асуулт Моллаей Саеидийн өмнө байгаа нь мэдээж. Түүний шийдвэрт монголчууд бид хүндэтгэлтэй хандан, алгаа тосон угтъя. Айсуй амжилтад нь сүү өргөн, Монгол Улсын Төрийн дууллыг олонтоо эгшиглүүлж, Монгол Улсын Төрийн далбааг олонтаа мандуулахыг ерөөе.