Сэтгүүлч Мөнхбаясгалан: “Тэр жилийн нэг цагаан сараар Чойжамц хамбынд золгуутаар очив оо. Хонх дартал хамба өөрөө хаалгаа тайлж байна. Бид ч Гандан хийдийн тэргүүн хаалга тайлна чинээ санаагүй учир тэрүүхэндээ балмагдав.
Тэгэхэд хамбын ижий сэрүүн тунгалаг байсан сайхан үе. Эгч нь бас байна. Цай цүй идээ будаа болоод хөөрөг зөрүүлж хууч дэлгэв. “ Хөл их дарав уу , хамбатан” гээд л асуулаа даа. Гэтэл хамба ханцуйгаараа хөлсөө арчингаа “ би л их гүйлээ… ээж эгч хоёрын хөл гарын үзүүрт баахан зарагдлаа. Ижий намайг л ажилгүй гээд загнах юм.
Арга ч үгүй байх аа даа энэ гэрийн хамгийн бага нь би юм. Хүн хард цай аягал гэх… бэлэг өг гэх” гэхэд нь бид бөөн инээдэм болж билээ. Нээрээ л Монголын шашны төвийн тэргүүн хамба ч гэлээ гэртээ ээжийн хүү, эгчийн дүү шүү дээ…санаанаас огт гардаггүй сайхан дурсамжуудын нэг билээ .” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.