Өнгөрсөн нэгдүгээр сарын 25 /2023.01.25/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болж, улмаар хоёр хоногийн дараа түүнийг нас барсан байхад нь олсон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Чех улсад дахин нэг монголын иргэн сураггүй алга болсон хэрэг гарсан.
Тодруулбал, Чехийн Пардубици хотод Фоксконн үйлдвэрийн ажилтан Монгол Улсын иргэн 50 гаруй настай Д овогтой Г нь энэ хоёрдугаар сарын 04 /2023.02.04/-ний өдрөөс хойш ор сураггүй алга болоод байгаа аж. Түүнийг Чехийн цагдаагийн газар болон ар гэрийнхэн нь Пардубицэ болон ойр орчмоор хайж байгаа боловч өдий хүртэл олдоогүй байна.
Энэ талаар Г-ийн охинтой холбогдож тодрууллаа. Тэрбээр, “Аав, Ээж хоёр Чех улсад таван жил ажиллаж байгаа. Ээж өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголдоо буцаж ирсэн. Аав ганцаараа үлдээд байнга бид холбоотой байсан ч хоёрдугаар сарын 04-ний өдөр гэрийнхэнтэйгээ ярьчхаад ажилдаа явлаа гээд утас нь тасраад түүнээс хойш холбоо барьж чадахгүй байна. Чехийн цагдаа нарт хандсан ч камерын бичлэг шүүж өгөхгүй. Тодорхой хариу мэдээлэл ч өгөлгүй өдийг хүрлээ. Тухайн орон нутгийн цагаар үүрээр таван цагт гэртээ хамгийн сүүлд дуудлага хийсэн түүнээс хойш гэрт нь утас нь унтарсан байгаа юм. Аавынхаа фасебүүкээр ороход тэнд байдаг нэг монгол иргэн сүрдүүлж, заналхийлсэн байж болзошгүй чат байсан ч өөрийнхөө бүх чатыг устгаад аавын чатыг л үлдээсэн байсан. Яг ийм үед хардах үндэслэлтэй маш олон хүн байна. Урьд өмнө нь хэзээ ч ингэж алга болж үзээгүй. ЭСЯ-нд нэмэр болоочээ гэсэн үүднээс өргөдөл бичиж өгсөн ч одоог болтол хариу ирээгүй. Чехэд байгаа монголчуудаас л цуг хайлцаж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.