“UBCab” монголчуудыг онлайн такси үйлчилгээний шинэ соёлд дуудсан. Дуудлага өгсөн газар нь ирээд авчихна. Юмаа мартаж буусан бол апп руу орж хараад, дугаараар нь холбогдчихно. E-баримт өгчихнө гээд давуу тал ихтэй. Өнгөрсөн оныг гурван мянган ажлын байр, 700 мянган хэрэглэгчтэйгээр үдсэн гээд “Юбикаб” ХХК өрнүүн амжилттай л, урагшилж яваа.
Харин хоёрдугаар улирлын хичээл эхлэхтэй зэрэгцээд, түгжрэлийн цагуудад дуудлагын төлбөрөө 3000 болгон нэмж, аяллын хугацааны 1 минут бүрийг 30 төгрөгөөр тооцдог болсныг олон нийт шүүмжилж, үйлчлүүлэхгүй хэмээн “хашхирав”. Угаас өглөө, орой түгжрэлийн цагуудад гараа өргөөд, гараад зогссон ч такси олдоггүй. Жолооч нарт ч нэг хүн хүргэхээр зам дээр хоёр цаг зогсож байхаар зам сийрэг үед хоёр цаг таксинд яваад, 10 хүн хүргээд өгчих нь илүү ашигтай. Өөрөө ч бухимдахгүй, өрөөлийн ч бухимдлыг үүрэхгүй амар.
Яг ийм цаг үе манай хотод нүүрлэчихсэн. Ийм цаг үед “UBCab” үнэндээ байж болох л зарчим гаргаж ирж, туршиж үзэж байна. Автобус нь хүрэлцээгүй, дээрээс нь хүйтэн. Хот даяараа биш ч цөөн нь гэртээ мөс болчихгүйхэн шиг л алхаад харьж буй нь үнэн. Тэгэхээр тэд байж болох л гаргалгаа гаргасан юм шиг.
Угаас үйлчилгээндээ өөрчлөлт оруулах нь тэдний асуудал. Үйлчилгээ авах эсэх нь таны асуудал. Үүнийг л ойлгох учиртай юм. Гэтэл үйлчилгээ авагчид нь гомдож, үйлчилгээ үзүүлэгч нь дөрөв хоногийн дараа уучлалт гуйж, мэхийсэн зураг оруулаад л. Бид хэзээ үйлчилгээ авч, үйлчилгээ үзүүлж сурах вэ.
Угаас дуудлагын суурь төлбөрөө 07:15-09:00, 17:15-20:15 цагийн хооронд л нэмж байгаа гэдгээ угаас зарлачхаад буй. Тэгэхээр та хүсэхгүй байвал энэ цагуудад л үйлчилгээ авахгүй байхад болох нь. Дээрх заасан цагуудад хүн үйлчлүүлэхгүй бол тэд зах зээлийнхээ зарчмаар дахиад л өөр хувилбар бодож олох юм. Ийм л байна.