Нийтийн сүлжээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд очтол тавгийн ааруул 595 мянган төгрөгийн үнэтэй байна гэх шүүмжлэл өрнөж байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Биндэр сумын “Сүүн биндэр” нэрийн сүүн хуруудын үнэ ийнхүү иргэдийг бухимдуулахад хүргэсэн юм. Нөгөө талаас аарц хүссэн хэлбэрээр хэвэнд орох боломжгүй, хатаад хагардаг шинж чанартай учраас хольцтой, барьцалдуулагчтай. Үндэсний гэх тодотголоор иргэдийг хууран мэхэлж байна гэх мэтээр шүүмжилсээр буй. Бид тус брэндийг бүтээгчидтэй холбогдож зарим мэдээллийг тодрууллаа.
Ингэхэд “Сүүн хуруудыг манайд өргөн дэлгэр хэрэглэж байгаагүй учраас зөв ойлголт мэдээлэл дутмаг байх шиг байна. Бид Биндэр сумынхаа малчдаас сүүгээ аваад ааруулаа хийдэг. 10 литр түүхий сүүнээс 500 грамм ааруул гардаг. Манай нэг онцлог бол цөцгий, өрөм, шар тос зэрэг сүүнийхээ шимээс юуг ч авахгүйгээр ааруулдаа шингээж өгдөг. Тийм учраас манайх тос даасан шаргал өнгөтэй байгаа. Сүүн хурууд өөрөө технологийн хувьд ажиллагаа ихтэй. Жиш ээ нь 100 ааруул хэвлэхэд 20-30 ширхэг нь л бүтэн гарах жишээтэй. Учир нь маш өндөр тослогтой учраас үйрдэг. Арчилгаа маш их шаарддаг ч үнэхээр 100 хувь баталгаатай, амин чанартай бүтээгдэхүүн юмаа. Бид шаардагдах бүх шинжилгээгээ хийлгэсэн. Мөн худалдан авагчдадаа дурын нэг ааруулыг өөрөө сонгож аваад мэргэжлийн байгууллагуудад өгч шинжлүүлэх боломжтой гэдгийг байнга хэлдэг.
Шүүмжлэлийн тухайд харахад авч байгаа хүмүүс ам сайтай идээ ундаа өнгөлөг сайхан байх нь гэсэн өндөр сэтгэгдэлтэй байгаа бол аваагүй хүмүүс өнгөцхөн дүгнээд байгаа. Шимийг нь аваагүй сүүний охь тэжээл амин чанарыг бүрэн дүүрэн агуулсан гэдэг утгаараа манай ааруул бусад сүүн ааруулаас 2-3 мянган төгрөгөөр илүү үнэтэй. Яг энэ зураг нь яваад шүүмжлэлд өртөөд байгаа тавагны хувьд кг нь 38-40 мянган төгрөгийн үнэтэй 13 кг ааруул орсон.
Ер нь бол манай жижиг сүүн ааруул 33-35 мянга, хэвлэсэн сүүн ааруул 38-48 мянган төгрөгийн үнэтэй. Цаашдаа манай “Сүүн биндэр” ааруулыг Имарт, Номин сүлжээ дэлгүүрүүдэд зарагдана. Тухайн компаниуд лабораторид дээжийн шинжилгээ өгөөд хамтарч ажиллая гэсэн” гэлээ.