Чех улсын Ческа Липа хотод ажиллаж амьдардаг манай улсын иргэн “Ц” гэх эмэгтэй 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн “Ц” нь 38 долоо хоногтой жирэмсэн бөгөөд гэрээсээ гарахдаа ямар ч бичиг баримт, утасгүй гарсан гэнэ. Тэрбээр нөхөртөө “Ойрхон гарч салхилчхаад ирье” гэж хэлээд гарсан байна. Гэвч одоогоор 48 цаг ор сураггүй байгаа аж.
Иргэн “Ц”-ийн ар гэрийнхэн Гадаад харилцааны яаманд хандсан бол Ческа Липа хотын цагдаагийн газар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.
Сураггүй алга болоод буй иргэний талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад” Чех улсын Ческа Липа хотноо амьдардаг Монгол Улсын иргэн сураггүй алга болсон хэргийн талаар ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам анхаарал тавин ажиллаж байна. Чех дэх цагдаагийн газар болон холбогдох бүхий л байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн газраас хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Албан ёсоор эрэн хайх ажиллагааг мөн эхлүүлсэн. Чех дэх ЭСЯ эрлийн ажиллагааны талаар байнгын мэдээлэлтэй ажиллаж байна” гэв.