“Хүүхдийн толгой цухуйлчихлаа гээд “Өргөө” амаржих газар очиход бичиг баримтаа шалгуул гэх шаардлага тавьж цаг алдсанаар иргэн машиндаа төрсөн” гэх бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Эл бичлэгт “Өргөө” амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа хариулт өглөө. Тэрбээр “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай эмэгтэйн хоёр дахь төрөлт байсан.
Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирэхдээ буруу хаалган дээр үйлчилгээ авахыг хүссэн. Тэд нар машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлчихсэн байсан.
Ингээд хүүхдийг машинд төрүүлж, эхэсийг гардахыг эмнэлгийн орчинд хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт нөхөртэйгөө цуг байгаа. Харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ явдал 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22:00 цагийн орчимд болсон” гэлээ.