Улсын хэмжээнд ирэх 12-р сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ хүрээнд нийслэл хотын гарах, орох төдийгүй хот доторх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. Цар тахал Хэнтий, Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул аймагт нэвтэрчихлээ, Улаанбаатарт хэд хэдэн голомт илэрлээ. Яаралтай хатуу хөл хорио тогтоож голомтыг хумихгүй бол бид энэ айхтар вирусыг тавиад туучих гээд байна. Гэртээ бай, дархлаагаа сэргээ, үр хүүхэдтэйгээ цагыг зөв өнгөрөө, тайван бай гээд ухуулаад, төр засаг анхааруулаад байхад л онц гийгүүлэх ажилгүй ч гүлдийчээд л дэмий тэнэх нөхдүүд багагүй байдаг нь хууль сахиулахынхны тэвчээрийг ёстой нэг барж байна.
Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг дагахгүйгээр үл барам эргүүтээд тэднийг үг хэлээр доромжилж байгаа тохиолдол бишгүй гарч байна. Эхнээсээ цахим сүлжээнд цацагдаад олныг хилэгнүүлж эхэллээ. Нэг л жишээ хэлэхэд СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 33 настай иргэн А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дэглэмийг зөрчиж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж үг хэлээр доромжилсон үйлдэл гаргажээ. Уг зөрчилд СХД-н цагдаагийн хэлтэс иргэнд хариуцлага хүлээлгэхээр болжээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих 2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Иймд иргэд та бүхэн улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж гэрээсээ гарахгүй байж дэглэмээ сайтар баримталж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна