АНУ, Их Британи, Япон, Швед, Канадын эрдэмтдээс бүрдсэн олон улсын баг Антарктидын мөсөн хавтангууд хайлсан усаар бие, биенээ халаадаг болохыг тогтоожээ. Тэд судалгааныхаа үр дүнг “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн байна. Энэ нь мөс хайлах үйл явцыг илүү хурдасгадаг болохыг тэд баталжээ.
Судлаачид мөсөн хавтангуудад нүх өрөмдөж, доор нь температур, давсжилт, далайн урсгалыг хянадаг мэдрэгч суурилуулсан байна. Ингээд ажиглалт судалгаа хийхэд ойролцоох мөсөн голын хайлмал ус давстай холилдож, гадаргад илүү дулаан давхарга үүсгэсэн болохыг тогтоожээ.
Зүүн Английн их сургуулийн Далай, агаар мандлын шинжлэх ухааны төвийн ажилтан Тиаго Дотто “Ийм үйл явц нь хүчтэй хайлах хандлагатай мөсний тавиуруудын тоог нэмэгдүүлж болзошгүй” гэж анхааруулсан байна.
Мөсөн тавцангууд хайлах шалтгаан болж буй мөсөн голууд нь сүүлийн үед улам эрчтэй хайлж байгаа. Ингэж хайлснаар мөстэй хамт хөлдсөн байсан эртний нян бактериуд ил гарч, дэлхий даяар тархаж байгаа нь эрдэмтдийн болгоомжлолыг төрүүлж байгаа юм.