Нүүрсний хулгай ид яригадаж байна. Улстөрчид хэдэн хүний нэр зарласан. Харин ард түмэн өөр хүмүүсийг онилж байна. Онилох ч юу байхав, олж авчраад гэм, бурууг нь шүүхийг шаардаж байна. Гэтэл энэ олны амны уншлага болж буй нэрс олонтаа давтагдаад эхлэнгүүт “хэлгүй” улстөрчид хэлд орж, микрофон булаацалдах хэмжээнд хэвлэлээр ярих болов. Ажнай гэгдэх Бат-Эрдэнэ, тээвэрчин гэгдэх Адъяасүрэн, Сү овогт Батболд гээд л. Хэлд орохдоо тэд “Хэнд ч гай болоогүй, тэр тусмаа улсдаа. Хулгай бол бүр ч хийгээгүй, тэр тусмаа улсаасаа” гээд тун ч баатарлаг ярих боллоо. Тэгэхээр үүнийг ингэж дэнслэх ёстой. Ард түмэн хулгайч гэж тэднийг гүтгээд байна уу, аль эсвэл хул.гайч нар гэмгүй мэт жүжиглээд байна уу.
Сүхбаатарын Батболд гэх эрхэм бол Монголын толгой баячуудын нэг, ард түмний мэдэлд, ашиг шимийг нь хүртэх ёстой байгалийн баялыг цөлмөгч.
Өнөөдөр МАН-даа жийгдчихгүй, өнө удаан тэсэж, тэр тусмаа тэргүүн эгнээнд, “хорны” орон зайд явсаар байгаа энэ хүн 1986-1988 онд Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэнээс хойш 1988-1992 онд Гадаад харилцааны Монголимпекс нэгдэлд Экспорт фирмийн захирал, 1993-2000 онд “Алтай Трейдинг” ХХКомпаний Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэж байгаад 2000 оноос хойш төрийн сайд, бүр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээр тасралтгүй ажиллаж байна. Түүнийг гэм буруутай асуудлыг ярих болоход намайг Ерөнхий сайдаар ажиллах үед улс орон сэргэсэн, ургашилсан хэмээн яриад булзчихдаг энэ хүн чухам юуг хулгайлсан, ямар хулгайч юм бэ?
Өнөөдрийн сэдэв болоод байгаа төрийн мэдэлд нэртэй ч тонуулчдын гараар орчихсон Тавантолгойн нүүрсний ордын ард мөнөөх Сү.Батболд цухалздаг. Тэр хэлэхдээ энэ орд анхнаасаа надад байсан. Би гадныхан авая гэхэд нь өгөөгүй. Харин ард түмэндээ өгсөн гэж хэлдэг. Гэвч бодит байдал дээр энэ орд ард түмнийх биш авлигачдынх гэдэг нь тодорхой болсон. Энэ ордыг Сү.Батболд зүгээр л май гээд төрд өгчихсөн гэвэл бас тийм биш ээ. Ерөнхий сайд асан С.Баяртай энэ талаар ил, далд хэлцэж, элдэв гэрээ байгуулж байгаад хүмүүнлэгийн хачин сайхан шийдвэрээ гаргасан. Яг үнэндээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг хийж илрүүсэн Таван толгойн коксжих нүүрсны ордыг төрд өгсөн гэх чамирхлынхаа ард Ухаа худаг гэх уг ордын өрөм болсон 4 хувийг луйвар.даж авсныг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Монголд явдаг уламжлалт хулгайн нэгэн адилаар төрийн мэдэлд очсон Таван толгойн ордыг Сү.Батболдын хамаарал бүхий этгээдүүд, нам дамжсан бүлэглэлүүд бү.лэг.лэн дээрэмд.сэн нь ойлгомжтой. Хүний нэрээр гэрээ хийнэ, хувь хувьцаагаа тохирно. Харагдахгүй газар, мэдэгдэхгүй дансаар мөнгө гүйлгэнэ. Тухайлбал Сү.Батболдын гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй хул.гай түүний үеэл Цэрэнпүрэвийн хүүхдүүдийн нэрээр явагдаж, бүтэн угаагддаг гэсэн мэдээлэл байна. Нүүрс бол түүний хулгайн нэг л хэсэг. Бороо гоулдын 40 тонн алт мөн түүнтэй холбогддог.
1996 онд Засгийн газраас Бороогийн уурхайг эзэмшүүлэх нээлттэй тендер зарлахад түүний удирдаж байсан “Алтай трейдинг” компани тендерт ялж авсан байдаг. Авахдаа энэ орд ашиггүй байна гэдэг дүгнэлтийг удаа дараа гаргах замаар үнэгүйдүүлж авсан. “Бороо Гоулд” Бороогийн уурхайг авч эхний гурван жилд тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу орлогын татвараас 100 хувь чөлөөлөгдсөн байна. Ингээд улсын хөрөнгөөр тогтоогдсон уул уурхайн мөнгөөр хөрөнгөжиж, дуусашгүй баян болох цагтаа эрх мэдэлд шунан улс төрд орохоор шийдсэн Сү.Батболд нэрээ цэвэрлэж, замаа засахын тулд энэ ордыг гадныханд зарчихсан байдаг. Ингэж алтыг аваад авдрыг нь “Сентерра Гоулд” гэх тоглоомын компанид өгөх “хорыг” мөн л тэр хийсэн түүтхэй. Сү.Батболд холбогдох бөгөөд хамаарах хэрэг зөвхөн үүгээр дуусахгүй юм.
2020 онд Сү.Батболдыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан байдаг. Улмаар түүнийг гэм буруутай гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байв.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв. Тэгэхэд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд нь Сү.Батболд байсан. Харин Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 20 гаруйхан хоногийн дараа С.Баяр “өвчний учир” Монгол Улсын Ерөнхий сайдын ажлаа өгч, түүний халааг Сү.Батболд авч байсан юм. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа Сү.Батболд Ерөнхий сайдаар томилогдож байсан гэсэн үг. Ингэж С.Баяр халаагаа хамаг хэлэлцээрт хулгайн заалт шургуулсан Сү.Батболддоо бүрэн шилжүүлээд түүний эзэгнэлийн ээлжит он тоолол бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн.
АТГ-аас С.Баярыг ч тэр, Сү.Батболдыг ч тэр Оюутолгойн гэрээг сайн, эсвэл муу байгууллаа гэж шалгаагүй байдаг. Тэднийг 2018 онд баривчлахдаа “…Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэж мэдэгдэж байв.
Өдгөө энхийн цагаан тагтаа мэтээр уран цэцэн донгодож буй Сү.Батболд бол ийм л том гарын хулгайч. Гэхдээ нүүрстэй хутгалдсан хүн цав цагаан байна гэж байхгүй гэдгийг тэр өөрөө сайн мэдэж байгаа. Хийгээгүй гэж гүрийвч хэрэг хаагддагүй тул ард түмний хүсэл зориг авлигачын эгнээг нурааж, ард нь ухаан сийлж байгаа Сү тэргүүтнийг илчлэхдээ илчилж, яллахдаа яллах нь болно.