Цогтоо болон түүний нөхдийг элдэвлээд байхын оронд төрийн хамгаалалтанд аваач эээ…
Нүүрсний хулгайг илрүүлж, хариуцлага тооцохоор жагсагчдыг хошуучлан тэргүүлэгч нь яах аргагүй Эмоцийн Цогтбаяр нарын залуус болчихлоо. Ялангуяа Цогтоо дээр янз бүрийн дарамт, олон талын ачаа, хариуцлага илүү ирж байна. Нүүрсний бүлэглэлүүдийн ашиг сонирхол ч бас Цогтоог тойрон огтлолцож эхэллээ. Цогтоо болон талбай дээр хонож байгаа залуусыг төөрөгдүүлэх, санаатай болон санаандгүй байдлаар ашиглах оролдлогууд ч ил тод цухалзаж байна. Цогтоог зарим нь Женкотой хардаж, бас нэг хэсэг нь Хүрэлсүхтэй холбож, нөгөө зарим нь Нямбаатар нартай барьцалдуулж, үлдсэн хэсэг нь Элбэгдорж, Сү.Батболд нарт нааж үзэж, адаг сүүлд нь хужаа цустай хутган үймүүлэгч гэсэн нэр хоч хүртэл зүүгээд амжлаа.
Жүжигчин У. Цогтбаярын хувьд эдийн засаг, улс төрөөр мэргэшээгүй учраас, өмнө нь улс төрийн ийм хэмжээний акцид гол дүр, тэргүүлэгчийн байр сууринаас оролцож байгаагүй урлагийн хүн болохоор сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, сэв алдаа гаргах тохиолдлууд ч байна. Түүнийг нь ашиглан мушгин гуйвуулах, нийгмээр жиг.шүү.лэх, залуусаар үз.эн я.д.уулах гэж үлгэр хүртэл зохиож, удам судрыг нь ухаж, царай төрхөөр нь гоочилж, гэр бүлийн амгалан тайван байдалд нь ч нөлөөлөөд эхэллээ. Ингэж болохгүй ээ, иймдээ тултал асуудал хурцдана гэж Цогтбаяр анхнаасаа бодоогүй ч биз. Гэтэл энэ залуу одоо нэгэнт хошуучлагч, нөлөөлөгч, дагуулан зангидагч болчихлоо. Өмнө нь өрнөж байсан жагсаалуудаас ялгаатай нь энэ удаагийнх өөрийн гэсэн лидерийг явцын дунд төлөвшүүлэн боловсруулж байна. Энэ сайн хэрэг, магадгүй цагаан морин жилээс хойш гарч байгаагүй тохиолдол. Эмоцийн Цогтоо бол нам бус, “ХТҮЦ”-ээс салан тусгаарлаж, Эмоци продакшнийг үүсгэн хэд хэдэн амжилттай контент хийсэн, орон байр, гэр бүлийн байдлаа ил тод цагаахнаар нийгэмтэйгээ хуваалцдаг, хожмын өдөр олон улсад өөрийн бүтээлээ сойно хэмээн мөрөөддөг, дунд сургуульд байхаасаа жүжигчний дугуйлангаас эхлэн энэ мэргэжлийг эзэмших гэж мөрөөдөн зүтгэсэн залуу ажээ. Гүүглдээд уншиж болно, бүгд гараад ирнэ. Жүжигчний ажлаараа дамжуулан нийгмээ, төрөө шүүмжилж байсан удаа ч цөөнгүй юм. Гэтэл одоо бол нүүрсний хулгайчидтай хариуцлага тооцохоос нааш жагсаалаа зогсоохгүй хэмээн андгай тавьсан тэмцэгч болчихлоо. Засгийн газар ч бас тодорхой зохицуулалт, буулт хийж, ямх ямхаар урагшилж л байна.
Цогтоо тэргүүтэй тогтмол талбай дээр зогсож байгаа 30 гаруй залуус ёстой иртэй залуу нас, золбоотой шинэ үе учраас 44 их наяд төгрөгийн өмнөөс Засгаа шахаанд оруулж, нүүрсний хулгайчдыг сөрөн байж гар нүцгэн зогслоо гэсэн үг. Энгийн ухаанаар бодоход нүүрсний хулгайчууд ял шүүлтүүр рүү дөхөх тусмаа хулгайлсан мөнгөнийхөө ганц тэрбумыг зараад л энэ залуусын эрүүл мэнд, амь насаар тоглох боломжтой. Хэн нэг нь эрсэдчихвэл ард түмэн босно, Засаг унана, бослогодоо тулна, тэр сиймхийгээр нь тоглолт хийж, өөрийн хүмүүсээ төрд тавих гэж үзнэ. Баас хатавч үмхийгээ тавихгүй гэдэг шиг л юм болно. Тиймээс миний бодлоор бол Цогтоо болон түүний нөхдийг төрийнхөө тогтвортой байдал, нийгмийнхээ уур амьсгалыг хэт ширүүн нөхцөл рүү түлхэхгүйн тулд, мөн өөрсдийнх нь амь насны төлөө төрийн хамгаалалтанд авмаар байна аа. Шуудхан хэлэхэд Цогтоог элдэвлээд, эрээн нэр хоч зүүгээд, тэрний хүн, энэний гар хөл гэж адлах яах вэ, амь насыг нь хамгаалалтанд аваач ээ. Цогтоо болон түүний залуусын нэр нөлөө өндрөө авах тусам үүнийг сөргөөр ашиглаж, нийгмийг цочроож босгох, залах зорилготой нүүрсчид анаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За бүүр шулуухан хэлье. Цогтоо унахад төр эргэнэ шүү. Угаасаа туг унахад ялагдал ирдэг, уур хилэн, сөрж зогсох төрөлх зөн дээд зэргээр идэвхждэг.
Хэрэв яг одоо Оюун-Эрдэнэ, Цогтоо хоёрын рейтингийг судалгаагаар үзвэл Цогтоо хамаагүй илүү жин дарна, яг ийм л гурван галын дунд энэ залуус тэмцээд байгаа юм. Нэрсээ зарлуулсан нүүрсчид энэ залуусыг, энэ жагсаалыг үзэн ядаж, үнс болгоход бэлэн байгаа, тэд хайрлана гэж бодож байна уу, үгүй. Хэрэв Цогтоогийн ард хэн нэгэн захиалагч байгаа гэж хардаж байгаа бол тэр нэр нүүрээ нуусан захиалагч гуай ч бас Цогтоогоор туг тахиж, үймээнд хүргэх боломжийг анаж байгаа гэдгийг анхаармаар байна, Цогтоо болон түүний нөхдийн нэр нөлөө ихсэх нь тэдэнд эвгүйдэх цагт нь ашигтай. Засгийн газар унамааргүй байгаа бол Цогтоогийн эсрэг сөрөг PR хийхээсээ өмнө, наад хүнээ л төрийн хамгаалалтанд ав!
Р.Эмүжин