Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.12.15/ Монголбанкны Ерөхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах, хуулийн дагуу шалгах хэрэгтэй хэмээлээ.
Тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна гэж үзэж байгаа. Мэдээж УИХ-аас томилогддог. Үндсэн чиг үүрэг нь Монгол мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалах, инфляц, ханшийг барих. Гэтэл Монголбанк нь арилжааны банкнуудын төлөөлөл болсон. Ченжийн үүрэг гүйцэтгэх болсон” гэв.
Мөн “Монголбанк 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, ипотекийн зээлийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Ипотекийн зээлийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан ч ажил нь удаашралтай байгаа.
Сангийн болон Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, ШӨХТГ-ын гээд нийт 10 гаруй албан тушаалтын гарын үсэгтэй ажлын хэсгийн дүгнэлт гарсан” гэв.
Тус ажлын хэсгээс
Нэгдүгээрт, ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгох
Хоёрдугаарт, урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор 30 хувийг 20 хувь болгох
Гуравдугаарт, зээлийн эргэн төлөлтийг хүү, үндсэн зээл дээр иргэд, банк санхүүгийн байгууллагууд хоорондоо тохирч, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой гэх дүгнэлтүүдийг гаргажээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Банкнаас нэг хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд найман хувиар олгодог. Ипотекийн корпорац 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусар ашиглан зарцуулсан байна” гэв.
Эндээс дүгнэхэд: Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг арилжааны банкуудад барьцаалагдчихаад яаж ч чадахгүй байгаа нь илхэн харагдаж байгаа юм. Учир нь арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байгаа нь тодорхой. Тэд хэзээ ч иргэдийн эрх ашигийг нэгдүгээрт тавихгүй билээ.