Үзэгч нь дуучнаа алдартай болгосон тохиолдол Монголд л гарлаа. Цар тахалын халдвар илэрсэн жолоочоос үүдэлтэй сенсациар олны танил болсон Дэмбэрэлнямбуугын тоглолт дээр МУГЖ Г.Батбаяр, Т.Аминаа, Ноётан Бондгор, Базарсадын Болдбаатар, Лодойн Банзрагч нар оролцож ая дуугаа өргөсөн нь тодорхой болсон. Иймд дээрх уран бүтээлчидтэй холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа. Цар тахалын халдвар авсан эсэх хариу нь хэд ч хоногын дараа эерэг, эсвэл сөрөг гардаг тул эдгээр уран бүтээлчид дүрэм журмаа сахиж байгаа гэдэгт итгэлтэй байна.
МУГЖ, Дуучин Г.Батбаяр:
Би “Хархан нүдэн” тоглолтод оролцож “Адуучин миний жаргал”, “Ээжээ зорьё” гэдэг хоёр дуугаа дуулсан. Тухайн тоглолтод оролцсоны дараа надтай улсын онцгой комиссоос холбогдож өөрийгөө тусгаарлаарай, тэгээрэй ингээрэй гэсэн заавар зөвлөмж өгөөгүй. Би одоо гэртээ байж байна. Биед ямар нэгэн ханиадны шинж тэмдэг илрээгүй.
СТА, Дуучин Б.Болдбаатар:
Улсын онцгой комисс болон бусад байгууллагаас надтай одоогоор холбогдоогүй л байна. Би ‘Дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн ‘Хархан нүдэн’ тоглолтод оролцож, ая дуугаа өргөсөн юм одоо ямар дэглэм журам сахих вэ’ хэмээн 119 дугаарын утас руу холбогдож зааварчилгаа, зөвлөгөө авсан. 119 дугаарын оператор ‘Та уг тоглолтод очоод тайзан гарч дуулчихаад шууд буцсан учраас ямар нэгэн шинжилгээ өгөх шаардлагагүй. Олон хүнтэй харилцаж болохгүй. Гэртээ 14 хоногийн турш байрлаж, өөрийгөө тусгаарлаарай’ гэсний дагуу өөрийгөө тусгаарлаад байж байна. Биед ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдээгүй. Халуурах, ханиах шинж байхгүй.
СТА, Дуучин Л.Банзрагч:
Манай Тэсээс төрөн гарч байгаа залуу дуучин бол Д.Дэмбэрэлнямбуу. Нутгийн хүүхэд учраас дэмжиж, тоглолтод нь оролцон ая дуугаа өргөсөн. Урилгаар дуулсан дуучдын хувьд тайзны арын өрөөнд байж байгаад явсан. Тоглолтын төгсгөлд тайзан дээр зураг хөргөө авахуулсан гэж сонссоноос өөр мэдэх зүйл үнэндээ алга. ХӨСҮТ-д өчигдөр эхнэрийн хамтаар очиж шинжилгээ өгсөн. Хариу нь ‘сөрөг’ гарсан. Эмчийн заавар зөвлөгөөний дагуу гэртээ өөрсдийгөө тусгаарлаад, 14 хонохоор төлөвлөөд байж байна гэлээ.