Өнгөрсөн бямба гарагийн орой БНСУ-ын Сөүл хот, Итэвон дүүрэгт Хэллоуиний баяр тэмдэглэж байсан хүмүүс хэт их бөөгнөрч, шахцалдсанаас 100 гаруй хүний амь эрсдээд байгаа юм. Энэ үйл явдал дунд өөрийн биеэр байсан Монгол Улсын иргэн Х.Одбаяртай цахимаар холбогдон ярилцлаа. Тэр өөрийн зураг болон бусад хувийн мэдээллийг нийтэд дэлгэхээс татгалзсан юм.
-Итэвон гудамжинд болсон харамсалтай үйл явдлын үеэр таныг байсан гэж ойлгосон. Та Хэллоиуний баяр тэмдэглэж байсан уу, ямар шалтгаанаар тэнд очсон юм бол?
-Аравдугаар сарын сүүлээр БНСУ-д Хэллоуиний баярыг тэмдэглэдэг юм билээ. Итэвон дүүрэгт гадаад хүмүүс их цугладаг. Тэнд Хэллоуиний баяр болно гэхээр нь гэр бүлийнхээ хүнтэй хамт сонирхож очсон. Үзэж сонирхон, хоёр цаг гаруй түүгээр явж буй хүмүүсийг сууж, ажигласан.
-Олон хүний хэт бөөгнөрлөөс шалтгаалж энэ нөхцөл байдал үүссэн гэж албаныхан тайлбарлаж байна. Нөхцөл байдал яг ямар байсан талаар ярьж өгөхгүй юу?
-Баяр тэмдэглэхээс илүү сонирхолтой хувцасалсан хүмүүсийг харах гэж очсон л доо. Охид, залуус олон харагдаж байсан. Бүгд их гоё хувцасалж, төв гудмаараа зүүнээс баруун, баруунаас зүүн тийш алхацгааж байсан. Баар нь очер ихтэй, хүн бүр орох боломжгүй. Гудамжинд хүмүүс их нааш, цааш холхилдож байсан. Би нэг ч согтуу хүн хараагүй. Бас ямар нэг чихэр тараасан зүйл ч хараагүй.
Тэнд метроны буудал, Итэвон хоёрыг холбосон 40-өөд метрийн урттай богино гудамж байсан. Анх метрогоор буугаад харахад тэр гудамж нэлээд түгжрэлтэй байсан ч хүмүүс хоёр урсгалаараа зөрөөд явж болж байсан. Бид баяр сонирхож хоёр цаг гаруй суучхаад метроны буудал чиглэн, тэр богино гудам руу уруудан орж ирсэн юм. Гэтэл хүмүүс уруудаж байснаа гэнэт явахаа болиод зогсчихсон.
Энэ гудмаар хүмүүс гарахгүй байгааг мэдээд буцах гэсэн боловч боломж олдоогүй. Хүмүүс нэмж орж ирсээр байсан. Араас хүмүүс түрж орж ирээд л байлаа. Энэ мөчид тэр гудамж яг л доороо ёроолтой битүү сав шиг болчихсон байсан. Араасаа шахуулах тусам цээжээ ч хөдөлгөх боломжгүй болоод. Сүүлдээ амьсгал авах ч боломжгүй болдог юм билээ.
Ёроолгүй сав руу хүмүүсийг нэмж хийгээд чигжээд байх шиг дүр зураг үүссэн. Ямар нэг газ цацсан ч юм уу, тийм зүйл болоогүй. Хүмүүс доор юу болж байгааг мэдэлгүй дээрээс нэмж орж ирээд байсан. Жижиг биетэй хүмүүс бусдын нуруунд шахагдаж, ам хамар нь таглагдсан. Хүмүүс чангаар амь авраарай гэж орилцгоож байсан. Миний хажууд байсан охин хана руу авирах гэж оролдож байгаад чадалгүй, ханан дахь олон төмөрнүүд рүү цээжээрээ няц шaxyyлсан.
-Таны өөрийн биеийн байдалд ямар нэг эрсдэл үүссэн үү?
-Миний халаасанд байсан утсанд бичлэг үлдсэн байна билээ. Сонсоход, эхний 3-4 минутад хүмүүс орилолдож байгаад, сүүлдээ дуу ч гаргаж чадахаа больсон. Гишгэгдээгүй, зөвхөн зогсоогоороо ар араасаа шахуулж, энэ хэрээр маш аймшигтай даралт үүсэж, амьсгалах ямар ч боломжгүй болдог юм билээ.
Би ч бас амьсгал авч чадахаа больж, ингээд л үхэж байгаа юм байна гэж бодсон. Ухаан алдчихсан байсан. 16 минутын дараа сэрсэн. Араас хүн татах үед сэрээд газраар дүүрэн хүмүүсийн цогцос хэвтэж, зарим хүнд анхны тусламж үзүүлж байхыг харсан. Урд зогсож байсан хүмүүс бүгд ухаан алдсан байсан. Бие биенээ налаад, зогсоогоороо ухаан алдчихсан, нэг нь ч хөдлөхгүй байсан.
-Үйл явдлаас өөртөө ямар сэтгэгдэл авч үлдэв?
-Манай монголчууд xap tamxи, xий, xopтой чихэр гэх мэтээр янз бүрийн учир шалтгаан ярьж байх шиг байна. Бид угаас хүмүүс хоорондоо шах.цал.даж үх.дэг гэсэн ойлголт огт мэдэхгүй ард түмэн. Би ч бас ийм зүйл төсөөлж байсангүй.
Ямар нэг сүнсний баяр гэхээсээ илүү багт наадам шиг, үлэг гүрвэл, Харри Поттер, Хүн аалз, авокадо, банана жимс, гүнж, горилла гэх мэт хөгжилтэй, гоё ганган хувцасласан залуус дүүрэн байсан.
Энэ бол зөвхөн орох, гарах гол гудамжинд хүний бөөгнөрлөөс үүссэн маш санаандгүй бөгөөд аймшигт осол байсан. Хэн ч урд нь юу болж байгааг мэдэхгүй нэмэгдэж орсоор байснаас ийм харамсалтай зүйл болсон.
-БНСУ-д одоогоор үйл явдалтай холбогдуулан ямар мэдээллүүд хөвөрч байна вэ. Манай нийгэмд Хэллоиуний баяр тэмдэглэх нь буруу гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлэх нь цөөнгүй байна. Солонгосчуудын хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа бол?
-Солонгост энэ өдрийг гашуудлын өдөр болгон зарласан, цаашид ч Хэллоуин тэмдэглэнэ гэвэл утгагүй. “Сүнсний баяр” гэж айхаасаа илүү бид ч бас энэ явдлаас сургамж авч, олон хүний бөөгнөрөл, түгжрэл айм.шиг.тай үх.эл.д хүр.гэж болдог гэдгийг ойлгож, анхаарч болгоомжтой байх ёстой юм гэдгийг л ойлгосон.
Бидний биеийн хувьд гэмтэл бэртэлгүй, шокийн байдлаас бүрэн гарч чадаагүй, бусдаар гайгүй байгаа.
Эх сурвалж: eguur.mn