Дэлхийн өөрөө ‘амьд’ гэдгээ мэдрүүлэх гэж үе үе газар хөдлөх, галт уул дэлбэрэх гэх мэт хүн төрөлхтөний байгаль дэлхийнхээ эсрэг хийсэн буруу үйлдлийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Япон улс гэхэд л газар хөдлөлтийн хамгийн өндөр идэвхитэй бүс нутагт оршдог бөгөөд цаг, минут, секунд тутамд л их, бага хэмжээгээр газар хөдлөлт явагдаж байдаг. Япон улсын барилгын инженерчлэл энэ асуудалтай үеийн үед тэмцсээр улам боловсронгуй, дэлхийд тэрүүлэх байр сууринд хүрчээ. Хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй, суурь нь маш бат бөх орон сууц, оффисын тэнгэр багандсан барилгууд нурах тохиолдол тун бага болжээ.
Манай улс эх газрын төв хэсэгт оршдог харьцангуй газар хөдлөлт багатай бүс нутагт оршдог. Гэвч тун саяхан Улаанбаатар хотод газар хөдөллөө гэсэн түгшүүрийн дохио дэлдлээ. Хуучны хүмүүсийн яриагаар Их хүрээ буюу Улаанбаатар хот оршин буй газар байгалийн гамшиг аюулаас хол хөндий газар. Газар хөдлөх аюул бололгүй өнөөг хүрсэн. Гэвч байгалийн аюул хэлж ирэхгүй. Улаанбаатар хотод баригдсан сүүлийн үеийн барилгууд дунд зэргийн хүчтэй газар хөдлөлтөд тэсвэрлэх ямар ч баталгаа байхгүй маш муу материалаар баригдсан гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар ирсэн. Харин хуучны Соц нийгмийн үед хойд хөрш ОХУ-ын инженерүүдийн барьж байгуулсан хорооллууд харьцангуй бат бөх суурьтай, газар газар хөдлөлтөд тэсвэртэй гэж дүгнэсэн байх юм. Монголын барилгын салбарынханы нэг том алдаа бол ашиг л олж байвал чанар дараагийн асуудал гэж ойлгон хүний амь насыг дээсэн дөрөөн дээр тавьж байгааг эргэн харж ялангуяа газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт онцгой анхаарах цаг болжээ. Сүх далайтал үхэр амар гэдэгчлэн нэг л өдөр Улаанбаатар хотод дунд зэргийн баллтай газар хөдлөлт болоход хичнээн хүний амь нас үрэгдэн, ямар хэмжээний хөрөнгө мөнгөний хохирол амсах нь тодорхойгүй байна.