Өвөл болохоор л гэнэт ухаан орсон юм шиг агаарын бохирдол, утаа униар дээр доргүй яриад эхэлдэг нь Монголчуудын гэм биш гажиг болж. Нэгэн үе утааг бууруулна гээд ‘Цэвэр агаар сан’ гэгчийг байгуулж түүнийг дагаад асар их мөнгөний луйвар явагдаж буруутай этгээдүүд явах газар руугаа маршилсан. Улс төрийн намуудын хувьд утааг бууруулах нь сонгуульд оноо авах сэдэв байсаар ирсэн нь саяхан. Өнгөрсөн жил буюу 2019 оноос Хүрэлсүхийн засгийн газар дорвитой, зоримог шийдвэр гаргаж Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхгүй тушаал гаргаснаар нүүрсчдийн бүхэл бүтэн тогтолцоо, бүлэглэл лааз өшиглөхөд хүрч чамгүй чарлалдсан. Хот утаатай байна гээд хэлээд өгөөч гэж ямар сайндаа нэгэн лайвчин сошиал ертөнцийн эмгэнэл болохов дээ.
Шинэ ажил бүхэн амаргүй байдаг бас дэмждэггүй юмаа гэхэд эсэргүүцээд яахав дээ гэж ихэнх хүмүүс төвийг сахисан. Үнэн бол энэ. Учир нь агаарын бохирдол бол Монголын эмгэнэл болж дэлхийд Монголыг муухай харагдуулж байлаа. Гэвч түлшний үйлдвэрийг асар богино хугацаанд барьж ажлын байрыг төдийчинээ бий болгож хотын утаа илтэд буурсныг түүхэн гавьяа л гэхээс яахав. Гэтэл бас нэг агаарын бохидлын үндэс бол он хуучирсан буюу хогын цэгээс Монгол руу маршиалдаг автомашин. Монголд явж буй тээврийн хэрэгслийн ихэнх хувийг Япончуудын голоод хаясан хуучин машинууд эзэлдэг. Энэ нь агаар бохирдлуулж, орчны аюулгүй байдлын стандарт хангаагүй гэх шалтгаанаар хөгжингүй оронд хэзээ ч оруулж, борлуулж болохгүй хориг тавигдсан машинууд байдаг.
Манайхан л болсон хойно хүний голсон, хилээрээ нэвртүүлэхийг хориглосон бүхнийг хуу хамдаг зангаараа хамаад Монгол руугаа зөөж эх орноо хордуулж байгаагаа ухамсарлахгүй халаасаа түнтийлгэдэг бүхэл бүтэн бизнесийн сүлжээ байгаа нь тодорхой. Судалгаагаар 2015-2020 онд Европ, АНУ, Японоос 18 сая хуучин автомашин гадаадад гаргажээ. Дийлэнх нь Ази, Африк, Латин Америкийн улс орнуудад очдог бөгөөд үүний 90 хувь нь хүрээлэн буй орчин болон аюулгүй байдлын стандарт хангаагүй тээврийн хэрэгслүүд байдаг ажээ. Нийслэлд явж буй тээврийн хэрэгслийн дийлэнх хувь нь яг л энэ замаар Монголд орж ирсэн машинууд. Нэгэн сонин судалгаа гарсан байдаг. Замын цагдаа нарын уушигны өвчлөлт асар өндөр байдаг бөгөөд 24 цагийн ихэнхийг зам дээр өнгөрүүлдэг тэд автомашинаас гарсан утаанд шууд хорддог нь тогтоогдсон.
Нэг үеэ бодвол Монголчууд түлшээ хэрэглэж сураад утаанаасаа салахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Сайны хажуугаар саар гэгчээр хэдий болтол энэ хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг дэмжиж агаар бохирдуулдаг хорт утаа ихээр гаргадаг автомашиныг худалдахаа зогсоох вэ. Үүн дээр төр засгийн удардлагууд анхаарч дорвитой, зоримог шийдвэр гаргах цаг нь болжээ.