Олны танил, тэр дундаа ард түмний хүндлэн хайрладаг хүмүүсийн амьдрал олны нүдэнд ил байдаг бөгөөд тэд үлгэр дуурайлал болж зөв, сайхан амьдарч гэмээнэ залуу үедээ хайрлагдан, хүндлэгддэг аж. Монголын дууны урлагт нэг насаа зориулж ард түмний хайртай дуучин хэмээн нэрлэгдэх болсон Дарьганга нутгийн эрхэм дуучны маань хувийн амьдрал дэгэнтэй, догонтой л яваад байх шиг. Насны нар нь хэвийж яваа сайхан дуучнаа ард түмэн хайрлан хамгаалж, дууг нь үргэлж сонсон биширч л явна.
Хорвоогийн жам юм хойно урлаг түүнд гайхамшигтай авьяас, боломж олгосон ч хувийн амьдралд нь жаахан гар татуу хандсан гэлтэй. Түүнтэй нэгэн үе амьдарч тоонотой гэрт толгой холбон, тостой шөлөндөө хошуу дүрэн амьдран сууж байсан ахмад, буурай хосууд нэг л өдөр гэр бүл цуцлуулан өмч хөрөнгө, орон байраа минийх, чинийх дээрээ тулан булаацалдсанаар тэдний гэр бүлийн маргаан биш Монголын урлагийг сонирхдог фэнүүдийнх нь хувьд хэрүүлийн алим болоод удлаа. Нэг хэсэг нь эмэгтэй хүнийг орон байрнаас нь хөөж туудаг эрийн жудаггүй, эрийн муу эмд гэдэг шиг Түвшинжаргал гуай та ичээч хэмээн хайртай дуучнаа өмөөрч байхад нөгөө хэсэг нь овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр Чимэдцэеэ гуай ч нэг хэсэг бор дарсанд хэт шунаж, өрх гэрийн эзэгтэй шиг байгаагүй, эр хүн хэдий тэвчээртэй ч нэг л өдөр шийдсэн нь түүний зөв гэж буруутгах хүн олон байлаа. Ямартай ч Чимэдцэеэ дуучин маань удахгүй бие даасан тоглолтоо хийхээр түүний шавь, хүндэлдэг хүмүүсээрээ дэмнүүлэн бэлтгэл ажилдаа ороод байгааг дуулгахад таатай байна.
Эцэст нь хэлэхэд Түвшинжаргал гуай нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа ‘Би энэ бүх хэрүүл, хэл амнаас залхаж байна. Тайлбар өгөхгүй. Шүүх л шийдсэн. Би Чимэдцэеэг жаргаасан уу гэхээс зовоож яваагүй. Тиймээс эд хөрөнгө нэхэмжлэх эрхтэй. Жижиг тэвнэ ч гэсэн хөрөнгө бол хөрөнгө шүү дээ. Хэн ч хуулиа л дагах хэрэгтэй’ хэмээн өөрийн байр сууриа хэлсэн байдаг.