Тун саяхан гадаад харилцааны яам, гадаадад улс орноо төлөөлөн элчин сайдаар ажиллаж байгаа дипломат ажилтнуудыг тойрсон хууль бус наймааны сүлжээ илэрч Монгол улс дэлхийд нүүр хийх газраа олж байсан цаг саяхан. Гэтэл цар тахалын үеэр улс орны эдийн засаг хямарсан энэ үед бүсээ дээр доргүй бүсээ чангалж байхад ГХЯам л мөнгийг тун бодлогогүй зарцуулж байгаа нь ноцтой асуудал. Хэдэн жишээ дурьдахад:
2020 оны нэгдүгээр сард Далайд гарцгүй орнуудын Олон улсын судалгааны төв гэх байгууллагад 275 сая төгрөгийг зүгээр л хандив нэрээр шилжүүлсэн байх юм. Анх Сингапурын ‘Маритайм чейн’ компанитай гэрээ байгуулан ‘Монголын хөлөг онгоцны бүртгэл’ хамтарсан компанийг Монгол улс байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл тэдэн төгрөгний ашиг Монголд орж ирлээ гэсэн тоон мэдээлэл алга.
Үүнээс гадна Монгол улсын засгийн газар АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий 60 мянган ширхэг хамгаалалтын хувцас хэрэгсэл хүлээлгэн өглөө хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байсан. Дэлхий дахин цар тахалд сөхрөн байсан энэ үед эрх баригчид АНУ-д үзүүлэх тусламжийн барааны мөнгийг Гадаад харилцааны яамнаас гаргуулж, тусламжид нийтдээ 2.4 тэрбумыг зарсан байх юм. Бас нэгэн мөнгө угаалт гэж хардаж болохуйц мэдээг хүргэхэд Гадаад харилцааны яам ямар учраас өч төчнөөн Эм ханган нийлүүлэх байгууллага байхад ядаж нээлттэй сонгон шалгаруулалт хийлгүй ‘Мөнхийн тун’ компаниас ‘Мөнхийн тун’, ‘Эксклюзив медецин’ гэсэн хоёрхон компанитай гэрээ хийн гадаадаас өндөр үнэтэй оруулж ирсэн комбинзоныг давуу эрхтэйгээр худалдан авч, тусламж болгон эргээд АНУ-д бэлэглэсэн бэ.
‘Мөнхийн тун’ компани нийтдээ 1 тэрбум 727 сая 250 мянган төгрөгийн комбинзон ГХЯаманд шахсан бол ‘Эксклюзив медецин’ компани 400 саяын бараа шахжээ. Энэхүү тусламжийн барааг хүлээлгэж өгөхөөр ниссэн МИАТ компани нислэг үйлчилгээний хөлсөнд 281 сая төгрөг гаргуулсан байх юм. Эдгээр баримтууд ГХЯ-ны шилэн данс хөтлөлт дээр он сар, үнийн дүнтэйгээ байгааг та харж болно. Энэ мэт төрийн мөнгийг дур зоргоороо хувийн компани мэт захиран зарцуулж дураараа аашилдаг эрхтэн дархтнуудыг АТГ, зохих хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүйтэй болов уу.