Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан байлдагч харуулын үүрэг гүйцэтгэгч байхдаа цээжин тус газраа буу.дуулж, хүнд шархдаж байсан хэрэг гурван жилийн өмнө гарч байлаа. 19 настай байлдагч хүнд буу.дуул.сан уу, ам.иа хор.лох.оор завдсан уу гэдэг нь тухайн үедээ тодорхойгүй байсаар хэрэг нам дарагдсан. Тэгвэл цээжиндээ буудуулсан цэргийн шарх аньж амжаагүй байхад тус ангийн байлдагч учир битүүлгээр а.миа алдсан хэрэг дахин гараад байна. Тодруулбал, Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н нь амиа алдаж, баригдаж байсан барилгын хажуугаас цогцос нь олджээ.
Талийгаач 19 настай бөгөөд гурван сарын дараа халагдах байжээ. Тэрээр хэрэг гардаг өдөр хугацаат цэргийн алба хаагчидтай хамт ангийн байрлалаас өөр газарт ажил хийж байсан гэх. Тодруулбал, тус ангийн штабын дарга н.Баяраа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн танил болох “Галтууд” ХХК-ын захирал Д.Төрбаяр, Б.Баярчимэг нарт 10 цэрэг гаргаж өгчээ. Ингэхдээ ангийн захирагчдаа мэдэгдээгүй бөгөөд дур мэдэж цэргүүдийг ажилд дайчилсан гэнэ. Байлдагч нарыг Өмнөговь аймагт байрлах “Галтууд” ХХК-ийн хармагийн талбайд ажиллуулж байжээ. Харамсалтай нь, долдугаар сарын 13-нд Өмнөговь аймагт баригдаж байгаа орон сууцны хорооллын хажуугаас байлдагчийн цогцсыг олсон байна. Хэргийн газрын үзлэгээр баригдаж байгаа байрны 13 давхраас цусанд булагдсан модон иштэй хутга олдсон гэх. Одоогийн байдлаар байлдагч гадны нөлөөтэй нас барсан уу, өндрөөс унаж, амиа хорлосон уу гэдэг нь тодорхойгүй байна. Шүүх шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх гэнэ.
БАЙЛДАГЧ НАРЫН АЖИЛЛАЖ БАЙСАН “ГАЛТУУД” ХХК-ИЙН ХАРМАГИЙН ТАЛБАЙ
Эх сурвалжийн мэдээлснээр цагдаагийн байгууллагаас талийгаачийн найз охиныг дуудаж, мэдүүлэг авчээ. Мөн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Амаржаргал, штабын дарга н.Баяраа, “Галтууд” ХХК-ийн захирал Д.Төрбаяр, түүний эхнэр Б.Баярчимэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, бусдыг амиа алдахад хүргэсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж.
Талийгаач байлдагчийг ажиллуулсан “Галтууд” ХХК-ийн захирлаар Дашдоржийн Төрбаяр гэж хүн ажилладаг аж. Мөн түүний эхнэр Б.Баярчимэг дотоод үйл ажиллагааг нь хариуцан ажилладаг гэнэ. Тэд тус компаниа 2007 онд тоосгоны үйлдвэр чиглэлээр байгуулж, үйл ажиллагаагаа эхэлжээ. Мөн тус оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, Авто машинаар ачаа тээвэрлэх, Барилга угсралтын ажил, Зам талбайн тохижилт хийх,авто зам,замын байгууламжид засвар арчлалт хийх, Монгол Улсын нутаг дэвсгэрт интернэтэд суурилсан хот, хот хоорондын ярианы үйлчилгээ, Аялал жуулчлал, Хэрчсэн гурил үйлдвэрлэх, худалдаа, Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Гадаад худалдаа, Хүнсний ногооны боловсруулалт, хадгалалт, худалдаа чиглэлээр ажиллаж эхэлжээ.
Бид хэргийн талаар тодруулахаар “Галтууд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэгтэй холбогдоход “Би Баярчимэг мөн. Одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн утсаа салгасан юм.
“ГАЛТУУД” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.ТӨРБАЯР, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАЯРЧИМЭГ НАР
Ташрамд дурдахад, тус ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал нь Өмнөговь аймгийн цэргийн штабын даргаар 15 жил ажиллаж, 2021 оны долдугаар сард тус ангийн захирагчаар томилогдоод байжээ. Өөрөөр хэлбэл, ажлаа хүлээж аваад нэг жил болж байсан гэсэн үг. Одоогийн байдлаар талийгаачийн ар гэрийнхэн ажил явдалтай байгаа бөгөөд хөдөө гэр нь сүлжээгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэнэ.