Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээнд хамгийн их хэрэглэгддэг хүнсний ногоо бол Төмс. Ихэнх хүмүүс төмс их идвэл жин нэмдэг гэдэг. Тэмдэглэлт баяр ёслолоор айл бүр шахуу нийслэл салатаар ширээгээ чимдэг. Дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг ногооны сөрөг нөлөөний талаар танд дуулгая.
Хоол зүйчид төмсийг удаан хугацаагаар хэрэглэхэд айхтар хор нөлөө үзүүлдэггүй цорын ганц ногоо гэдэгт бүгд санал нийлдэг. Учир нь төмсөнд хүний биед хэрэгтэй олон зүйл байдаг. Жин хасаж байгаа хүмүүсийн хамгийн их айдаг зүйл болох цардуул ихээр агуулагддаг. Олон хүмүүс жингээ барихын тулд бүр мөсөн төмснөөс татгалздаг. Хоол зүйчдийн нотолсноор төмсийг зөв болгоод, багаар, долоо хоногт цөөхөн удаа идвэл ямар ч хор нөлөөгүй гэж үздэг. Жин нэмэхгүй идэх хамгийн сайн арга бол хальстай нь жигнэх юм. Харин шарсан төмс, чипсээс татгалзах хэрэгтэй. Төмсний хальсанд соланин гэж бодис ихээр агуулагддаг. Энэ нь нарны туяанд идэвхждэг. Энэ бодисын өндөр тун нь мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Буруу хадгалсан төмс соёолж, ногоог туяатай болдог. Ийм төмсийг огтхон ч хэрэглэж болохгүй. Ногоон төмс нь соланин идэвхжсэний шинж. Залуу төмсөнд соланин бага байдаг. Өвөл, хавар төмсийг харанхуй, сэрүүн газар хадгална. Төмсний бас нэг сул тал нь гликемийн индекс өндөр. Ийм төрлийн хүнс нь биенд маш хурдан энерги өгснөөр бодисын солилцоо өөрчлөгдөж цусан дахь сахарын түвшинд сөргөөр нөлөөлдөг. Үр дүнд нь амархан өлсөх мэдрэмж төрж, бодисын солилцоо өөрчлөгдсөнөөр өөх хуримтлагддаг.
Шар, улаан төмс сайн сортод тооцогддог. Шар нь хурдан болдог, чихэрлэг, каротин ихтэй тул нүдний хараанд сайн. Улаан нь удаан болдог, цардуул, эслэг багатай. Төмс мах, загас, далайн бүтээгдэхүүнтэй сайн хосолдог. Бусад ногоотой хольж хэрэглэвэл төмс сайн шингэж, илчлэг нь биед зөв тархана.