Эх сурвалж: Npost.mn, Сэтгүүлч: Н. Чингүүнжав
Аюуми Нагаяа 17 настайдаа анх Монгол оронд хөл тавьсан. Ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсад ирээд хөдөөний малчин айлд зочилж, хотод ч олон найзтай болоод амжжээ. Түүнийг монголоор нэг ч үг хэлж чаддаггүй байхад түр хугацаанд амьдарч байсан айлынх нь үе тэнгийн охин төрөлх хэлээр нь тун сайн ярьдагт тэрбээр жаахан атаархдаг байж. Яаж түүн шиг гадаад хэл сурч, монголоор ярьдаг болох вэ гэж бодсоор нутагтаа очсон хойноо Токиогийн Гадаад судлалын их сургуулийн Монгол судлаачийн ангид элсэн орсон байна. Их сургуульдаа хоёр жил сурчихаад мэргэжлээ дээшлүүлэхийн тулд хувийнхаа зардлаар Монголд ирж “Ном эх” дээд сургуульд оржээ.
Түүнийг гадаад руу явах болсныг дуулсан эмээ нь “Миний охин очиж байгаа улсынхаа өв соёлыг сонирхож, үндэснийх нь урлагийн ямар нэг төрөл зүйлийг эзэмшээд ирээрэй” гэж захьжээ. Урлаг, соёлын салбарын хүн биш хэдий ч Аюумигийн эмээ нь тийм л алсын бодолтой нэгэн аж. Гэхдээ түүнийг үегүй мэт уран нугардаг хүн болоод ирнэ чинээ санаагүй гэсэн. Охиноо ирснийх нь дараа сурсан эрдмийг нь сонирхон харчихаад “Ямар аймаар юм бэ. Би чамайг хөгжим эсвэл дуу сураад ирэх байх гэж бодтол их хэцүү зүйл сурсан байна. Гэхдээ бахархаж байна” хэмээн уулга алджээ.
Аюумиг нугараач болгосон хүн нь “Отгоо” студийн багш Д.Отгонцэцэг. 5-6 настай бяцхан хүүхдүүдтэй мөр зэрэгцэн сурч эхэлсэн япон бүсгүй эдүгээ эх орондоо уран нугаралтын сургалт явуулж, судалгааны номоо ч хэвлүүлээд амжжээ. Тэрбээр монгол багшаасаа онлайнаар зөвлөгөө авч, боломжтой үед нь урилга илгээн шавь нараа чадавхжуулдаг гэсэн. Аюуми монгол уран нугаралтаар хичээллэсэн анхны япон бүсгүй.
Гэхдээ төр өөрийгөө уран нугараач гэж хэлэхээс татгалзаж байсан. Харин арга техникийг нь багахан хэмжээнд судалсан хэмээн даруухан дүгнэнэ лээ. “Чи Монголын уран нугараачдаас хэний тоглолтыг эсвэл тоглолтын бичлэгийг нь үзэх дуртай вэ” гэж асуухад “Төрийн шагналт Т.Цэнд-Аюуш, Д.Мажигсүрэн, Б.Норовсамбуу, Гавьяат жүжигчин Б.Энхцэцэг багшийг мэднэ. Тэдний бичлэгээс олж үзсэнээс гадна, намтрыг нь ном, сониноос олж уншсан. Бас Отгоо багшийгаа хүндэтгэдэг” хэмээн тэр түгдрэлгүй хариулсан.