Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах Зөвлөл “Гишүүнчлэлгүй, бодлогын улс төрийн хүчин болно” гэсэн зорилт тавиад 170 гаруй анхан шатны хороо, үүрээ татан буулгасан юм билээ. Үүнээс үүдэн ХҮН дотор маргаан үүсч Нийслэлийн намын хороо нь хоёр даргатай болчихоод байгаа юм. Т.Доржханд тэргүүтэй нөхдүүд анх шатны үүр, хороогоо татан буулгасан нь ХҮН-ын үе үеийн удирдлага, үүсгэн байгуулагч нараасаа салах гэсэн оролдлого юм. ХҮН-ыг С.Зоригтбаатар гэдэг залуу үүсгэн байгуулсан бөгөөд түүнд үгийн товчлол (ХҮН) зохиогчийн эрхтэйгээрээ байдаг.
Гэрчилгээн дээр нь хүртэл Зоригтбаатар гэсэн нэр нь бий. С.Зоригтбаатарын дараагаар С.Боргил олон нөхдийн хамтаар даргаар орж ирсэн байдаг. Энэ хоёрын дараагаар Т.Ганболд санхүүгээр тэтгэж орон байраар хангасан бөгөөд 10 тэрбум төгрөгийн зардал гарсан. Түүнийг дагаж ирээд үлдсэн нөхдүүд ХҮН-д олон бий. Дарга солигдохоор хэний угшилтай вэ гээд халж сольдог сэтгэлгээ төрийн байгууллагад байдаг. Үүнээс гадна одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Эрс шинэчлэл”, “Соёмбо” хөдөлгөөнийнхөн намын ихэнх хөл, суурийг бүрдүүлдэг байх юм. С.Боргилынхоо өмнөөс хүсэлт бичиж гарын үсгийг нь хуурамчаар зуран Улсын дээд шүүхэд Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр бүртгүүлсэн хүн бол Б.Найдлаа.
Уг нь бол АН хавиар байсан нөхөр юм билээ. Ингээд үхрийн бөөр шиг алаг нөхдөөсөө эвтэйхэн салахаар Т.Доржханд, Б.Найдлаа нар “Гишүүнгүй нам болно” гэсэн нь гай болж Орон нутгийн сонгуульд орох эрхээ Захиргааны хэргийн шүүхээр хаалгав. Энэ бүдэрсэн, ичмээр байдлаа тэд АН руу, Х.Баттулга руу халдаахаар улайрч байна. УИХ-д 6,5 тэрбум төгрөг заран сонгогдсон гэх Т.Доржханд “Бид наймаалцдаг, нэг хогийн саванд ордог нөхдүүд биш. Хэдэн сарын өмнө Х.Баттулга Шинэ эвсэл, АН, МАХН-тай хамтарч орон нутгийн сонгуульд орох санал тавьсан. Манай намын нөхөд зөвшөөрөөгүй.
Үүнд өширхсөн Х.Баттулга орон нутгийн сонгуульд оруулахгүй байхаар шүүхэд нөлөөлж ийм шийдвэр гаргуулсан” гэв. Өчигдөр өлсгөлөн, суулт зарлана гэж олон улсын хэвлэлийн агентлагт хандсан гэдгээ ХҮН-ын Нийслэлийн хорооны огцорсон дарга П.Наранбаяр мэдэгдэж байсан. Тэрээр цуглаан дээр япон хүнээр асуулт асуун шоудахаа мартсангүй. Өлсгөлөн суулт, тэмцлийн хурц хэлбэр сонгоно, Ардчилалаа аварна гэж байсан залуус бороо цасны сургаар ул мөргүй алга болсон юм.
Тус намын гишүүд Захиргааны хэргийн гадаа “Таван настай ХҮН-ыг 99 настай МАН, 30 настай АН xvчиндэв” гэсэн уриа барин очоод бутарсан. Тус намын Удирдах Зөвлөлийн дарга Т.Доржханд өнөөдөр Төрийн ордонд тэмцлээ үргэлжүүлнэ, Х.Баттулгатай үзэлцэнэ гэдгээ зарласан. Ийнхүү ХҮН-ын залуус сонгуульд ороогүйдээ бачимдан Х.Баттулгыг огцортол тэмцэхээ илэрхийлж эхэлсэн байна.