Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэгчээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сайхан мэдээ бүхий санаачилга гаргасныг бусад нь ч бас дэмжээд явчхаасай. Тодруулбал, зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэнд 100 сая төгрөг олгох тухай юм.
Д.Сарангэрэлийн хувьд өмнө нь Эрүүл мэндийн сайд байсны хувьд энэ салбарт тулгамдаж буй асуудлуудыг сайн мэдэх учиртай.
Тиймээс ч “Төр 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөг. Жилдээ Эрүүл мэндийн даатгалаас 10 тэрбум төгрөг гаргасан байхад хүүхэд, том хүнд нэг удаад 100 сая төгрөг өгөөд байх боломж байна. Энийг би хэдэн жилийн өмнө хэлэхэд “Монголын мөнгийг гадагшаа гаргах гэлээ” гээд шүүмжилсэн. Бүх хагалгаа, эмчилгээг Монголд хийх боломжгүй учраас заримыг нь гадаадад очиж хийлгэх шаардлага бодитоор бий болдог. Тэрийг хүлээх цаг хугацаагүй өвдсөн хүүхэд, насанд хүрэгчид байдаг.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Баясгалан эмч ажиллаж байхад тооцоо судалгаа гаргаж байсан. 10 тэрбум төгрөгөөс 1 хүнд 100 сая төгрөг олгоход жил бүр 100 хүнийг аврах тусламж болж болно.
Хүүхдээ аврах гээд гадаадад эмчлүүлэх гээд сошиалаар хандив цуглуулж байгаа хүмүүс их байна. Хэдийд мөнгө нь цугларна гээд иргэдээ гуйлгачин болгоод байж байх билээ. Тийм учраас манай байнгын хороо цаашдаа зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлэх иргэддээ ямар дэмжлэгийг хаанаас олгох вэ гэдэг тогтоол юм уу, хуулийн төсөл гаргаад явах санал гаргаж байна. Иргэдээ эх оронд нь эмчилдэг байя гэсэн уриа лоозон ярьчхаад, тэр цаг хугацааг нь хүлээж амжихгүй иргэд эрүүл мэнд, амь насаараа хохироод байна” гэж ярьсан болов уу.
Одоогоор Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй найман чиглэлийн 26 төрлийн өвчний онош бүртгэгдсэн байдаг. Мөн сүүлийн таван жилийн судалгаанаас харахад, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 58.2 хувь нь эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судас болон мэдрэлийн мэс засал эзэлдэг.
Манай улсын тухайд жилд дунджаар 105 хүн гадаад улсад эмчлүүлдэг гэсэн бүртгэл мэдээлэл бий. Тэдэнд өгч буй санхүүгийн дэмжлэг нь ердөө Эрүүл мэндийн сайдын багцад байршуулсан 500 сая төгрөг. Товчхондоо өвчний онош, эмчилгээ үйлчилгээ зэргийн төлбөрөөс шалтгаалж өөр, өөр хэмжээний мөнгөн дэмжлэг авна гэсэн үг.
Тэгэхээр төр нэг удаа нэн шаардлагатай 100 сая төгрөг олгодог болчихвол өвчиндөө шаналсан иргэн, тэдний гэр бүл цахим орчин, төв талбайд “зогсож” цаг алдахгүй байх боломж нээгдэж, танилтай нь хандиваар эмчлэгдэж, бусад нь зовлондоо шаналж үлддэг цаг үеэ өнгөрөөх нь ээ.