Урлагийн салбар хүнд хэцүү, цаг наргүй ар тал сайтай нь тэсч үлддэг гэдэг ч хамтдаа энэ том айлд тунчиг амжилттай яваа хосууд цөөнгүй байдаг. Нэг талаар бүхий л хувийн амьдрал, алхах гишгэх бүр амрах нь хүртэл олон түмэнд сонирхолтой байдаг тул энгийн байх нөхцөл ч тэдэнд байдаггүй мэт. Нөгөө талаараа ард түмэндээ хайрлагдан хүндлэгдэж тэдэнд өөрсдөөрөө үлгэр жишээ бол явна гэдэг нийгмийн элит түвшний хүмүүсийн үүрэх ёстой үүрэг мэт. Чухамдаа залуу гэр бүл, өсвөр үеийнхэн тэднээс л үлгэр дуурайл авч байдаг гэхэд хилсдэхгүй. Монголын урлагийн салбартаа үнэнч яваа сайхан хосуудаас хамгийн хамгийнаар нь жагсаавал янз бүрийн л санал хүмүүс хэлэх нь гарцаагүй. Гэвч бид нилээдгүй судалгаа хийсний үндсэн дээр дээрх жагсаалтыг гаргахыг хичээлээ. Монголын гайхамшигт хосууддаа аз жаргал сайн сайхан, эрүүл энхийг хүсье. Сайхан гэдэг ойлголтыг та ч бас өөрийнхөөрөө хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.
Жүжигчин МУАЖ Цэрэндагва, Мэндбаяр
Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайн бүтээсэн олон сайхан дүрийг бид мэднэ. Түүний хань Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай нарыг муудалцаж байхыг УДЭТ-ийхан ер үзээгүй гэдэг. Монголын олны танил урлагийн гэр бүлүүдийн дотроос үлгэр жишээ болохуйц гэр бүлийг хамтдаа бүтээлцсэн тэд: ‘Бие биендээ итгэж чадвал амьдрал сайхнаар үргэлжилдэг. Бие биедээ итгэж чадахгүй, хар хор санаснаас л хэрүүл маргаан, зодоон үүсдэг. Нэгэнт биенээ ойлгож, итгэж чадсан бол залуучууд түүнийгээ насан туршдаа хадгалах ёстой. Нэгнийхээ ажлыг ойлгож, хүлээцтэй хандаж гэмээнэ асуудал амар шийдэгдэнэ. Биенийхээ дээр гарах гэж ам мурийж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, өширхчихөөд эргээд яаж ‘Хайртай шүү’ гээд тэврэх юм бэ. Тэр амьдрал биш шүү дээ. Огт муудалцахгүй байна гэж үгүй л дээ. Хэн хэн нь “Ямар цаг үед, тэр надад яагаад ингэж хэлсэн бэ’ гэдгийг бодож, эргэцүүлдэг байх хэрэгтэй” хэмээсэн бөгөөд үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх амин ухааныхаа тухайд: П.Цэрэндагва: ‘Аавын аягагүй өрхийн тэргүүн олон болчихож. Би алт мөнгөний тухай ярих гэсэнгүй. Аавын аяга гэдэг бол модны үндэс ухаад хийчихсэн зүйл ч байж болно. Аавын аяганд юу ордог гээч өглөө бүхний цайны дээжний дараах идээний дээж бүхэн ордог. Аавын аяга дандаа дүүрэн байдаг. Дундуур байна гэж ерөөсөө байхгүй. Зөвхөн энэ аавын аягаар дамжуулаад хүнийг хүндэтгэх хүндэтгэл, эрэмбээ мэдрэх мэдрэмж, өмчид хандах хандлага энэ бүхнийг хүүхдэд суулгаж өгдөг. Аавын аяганд ижийгээс өөр хүн хүрч болохгүй. Тэр аяга үргэлж дүүрэн байх ёстой. Тухайн гэр бүлийн хамгийн амттай, шимтэй бүхний дээд тэнд байх ёстой гэдгийг харж өссөн хүүхэд олон зүйл ойлгоно доо’ хэмээсэн байна.
Дуучин МУГЖ Вандан, Дуламсүрэн
Бид дөчөөд жил дуулж байна. Ер нь л мартагдахгүйн тулд өнөөдрийг хүртэл уран бүтээлээ хийж явна. Үзэгчид маань өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтдаа дуулж, тэдний алга ташилтаар бид хөглөгдөж байна. Монголчууд алтан үеийн уран бүтээлчид гэж ярьдаг. Зарим хүн биднийг зарлахыг сонсоод нэг л хүн гэж ойлгодог байсан гэсэн. Тэгээд хэн нэгнийг нь тайзан дээр гарахаар нөгөөг нь заавал асуудаг юм. Бид өнгөрсөн хугацаанд дуулсан 25 дуугаараа алтан цомог гаргаж байна. Тун удахгүй тоглолтын өмнө цомог маань сонсогчдод хүрнэ.
МУГЖ Жаргалсайхан, Уранчимэг
Эрхүүд зохион байгуулсан бэлтгэлд хамт оролцож ‘Дүрлэгэр алаг нүдэн’-тэйгээ бүр ч илүү дотноссон доо. Амьдралынхаа хамгийн сайхан, дурсамжтай мөчийг 1983 оны хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн хайрын өдөр тохиосон гэж үздэг юм. Энэ өдөр сэтгэлээ илчилж, хайр сэтгэлээ баталгаажуулсан болохоор тэр. Харин 1985 онд оюутан байхдаа албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хуримаа хийсэн. Яахав, тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү. Бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлж байгаа хэлбэр нь гэнэн ч юм шиг хөгжилтэй байсан хэрнээ одоо эргээд бодоход хамгийн нандин, дурсамжтай үйл явдлын нэг байж. Хоёулаа хамт сууж байгаад ‘Бие биедээ хайртай гэдгээ яаж илэрхийлэх вэ’ гэж ярьж байтал хамгийн түрүүнд давс харагдлаа. Тэгэхээр нь би хоолны халбагаар хутгаж аваад ‘Энэ давсыг идээд чамд хайртайгаа батлая” гэж идсэн. Уугий маань ч үүний хариу болгож, нөгөө давснаас идээд бөөн инээдэм болж байлаа. Цантсан цонхон дээр сэтгэлээ илчилж ‘Би чамд хайртай’ гэж бичиж байсан тэр үе, Эрхүүгийн хавар гэх мэт олон сайхан дурсамжтай үйл явдал ард үлдэж. Энэ бүхэн маань бид хоёрын хувьд, сэтгэл зүрхний хамгийн нандин дурсамж болж үлдсэн дээ.
Жүжигчин МУГЖ Бат-Өлзий, МУАЖ Сарантуяа
Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, ардын жүжигчин С.Сарантуяа нар ихэр хүү, охин хоёртой. Тэд үрсийнхээ тухай ийн ярьжээ. ‘Эхнэр маань бие давхар болж бид хоёр бөөн баяр боллоо. Удалгүй гурван сар гарантай байхад нь УДЭТ-ын хаврын бригад баруун аймгуудаар явах болж, эхнэрийг маань жирэмсэн нь хамаагүй “Тайзан дээр гарахдаа гэдсээ живчиртэл сайн боогоод гар!” гэсэн тушаалтай явлаа. Тэр бригадаар явсан бүх хүмүүс эхнэрт минь анхаарал тавьж ялангуяа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сэлэнгэ эгч (талийгаач) маань төрсөн охин шигээ бөөцийлж явлаа’
МУГЖ Өлзийхүү, Найруулагч Хүсэлбаатар
Тэд гурван үеийн жүжигчид. Эмчийн гэр бүлийнхэн эмч л болдог. Ар араасаа залгаад л мэргэжлийг нь өвлөдөг. Тэрэнтэй л адилхан байхгүй юу. Яагаад вэ гэвэл энэ салбарт ойрхон өсчихөж байгаа юм. Миний охин аль хар нялхаасаа, мэдээ орох цагаасаа л ‘Бат-Өлзий гэж жүжигчин байдаг юм байна’, ‘Өө, энэ Эрдэнэзаан ах байна. Энэ Баярмагнай ах байна’ гээд л бид нартай цуг ууж идээд л, хүүхдүүд маань хоорондоо тоглоод л өссөн. Шинэ бүтээл болгоны нээлт дээр очиж үзэгчдийн суудлаас биднийг харна. Зохиол бүтээлээ хийх гээд ширээний ард маргаад л хэрэлдэж байхад хажууд зогсч байгаа хүн өөр хэн болж хүмүүжих юм. Өөр хүн болох их хэцүү шүү дээ. Би бас тэгж боддог байсан минь бас буруу юм билээ. Хүнээр өөрийнх нь дуртай юмыг л хийлгэвэл амжилт гаргана. Дургүй юманд нь хичнээн загнаад сургаж ажиллууллаа ч үр дүн гарахгүй. Тоо сонирхохгүй байхад нь ‘Би багадаа тоонд муу байсан. Одоо манайд санхүүч хэрэгтэй байна. Чи санхүүч бол’ гэх нь буруу юм байна гэдгийг ойлгосон. Ингэж явсан хүмүүс байна. Хүчээр оруулсан сургуулийг нь дүүргэчихээд л ‘Би жүжигчин болно’ гээд мэргэжлээ хаясан хүмүүс байна. Тэгж хүүхдүүдийнхээ амьдралаас жил, сарыг нь авах шаардлагагүй юм байна гэж ойлгосон. Манай бага хүү эмч болох гээд л явж байгаа. Зөв үү, буруу юу мэдэхгүй л байна.