Зохиолч Шүүдэрцэцэг нэрээр зохиол бичиж кино хийдэг Баттогтох “Соёлын гавьяат” цол тэмдэгээр энгэрээ мялаасан. Тэгвэл энэ нь олон хүний уур бухимдлыг төрүүлсэн бололтой. Түүний бичсэн зохиол, киноны талаар иргэд өөрийн цахим хуудастаа нийтэлж эхэлсэн юм.
Тэр бүү хэл зохиолчдын нэгдсэн эвлэлээс зохиолч гэж хүлээн зөвшөөрч эгнээндээ элсүүлээгүй байхад Төр шагнаж байгаа нь ичгэвтэр хэрэг хэмээн мэдэгдлээ. Тэрээр иргэдийн хандлагад хариу өглөө: Би бусдын бодлыг сонирхоод байдаггүй. Бусдыг шүүх сонирхол ч надад байдаггүй. Арай өндөрлөгт байгаа хүн бусдыг шүүдэггүй гэж боддог юм. Миний номуудыг массаараа уншаад байгаа юм алга. “Эх дагинын өчил” буюу “Хүйлэн огторгуйн заадас” ном бусдаасаа бага зарагддаг. Миний ажигласнаар хүний хөгжлийн номуудыг масс сонирхож уншиж байна.
Хэрэв массынх гэж ярих гээд байгаа бол хүний хөгжлийн номууд л массынх. Хэрхэн яаж баяжих вэ, эрчүүдийн яаж уургалах вэ гэдэг номнуудын арав нь зарагдаж байхад уран зохиолын ганцхан ном зарагдаж байна. Тэгэхээр масс хүний хөгжлөө л уншиж байна. Би ерөөсөө массын зохиолч биш.
Миний номуудыг 30 дээш насны боловсролтой хүмүүс уншдаг. Тэтгэвэрт гарсан сэхээтэн багш нар уншиж байх жишээтэй. Цөөхөн хүн амтай, жижигхэн салбарт нэгнээ адлаад байгаа нь эмгэнэлтэй.