Тодруулбал: “Стимо” ХХК-ийн “Жимст” нэрийн жигнэмэл боовыг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр худалдан авахад үйлдвэрлэсэн хугацааг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, дуусах хугацааг 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдөр гэж бичсэн байсан асуудлыг шалгажээ.
Мэдээллийн дагуу хянахад үйлдвэрлэлийн явцад тухайн жигнэмэл боовны үйлдвэрлэсэн хугацааг буруу тавьж, түгээлтэд гаргасан хариуцлагагүй үйлдлийг гаргасан байна.
Эдгээр үйлдлүүд нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1, 12 дугаар зүйлийн 12.7.4, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.8, 13 дугаар зүйлийн 13.2 заасныг тус тус зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулахаар Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлжээ.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд зааснаар хэрэглэгч нь барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй ба үйлдвэрлэгч нь бараа, ажил үйлчилгээг зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, хадгалах, тээвэрлэх, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга, үйлдвэрлэсэн он, сарыг худалдааны баримт бичиг, хаяг, шошго дээр хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгах үүрэгтэй байдаг.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуй эрхлэгчдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
Үүнд:
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандартыг мөрдөж ажиллах;
- Хэрэглэгч бараа, бүтээгдэхүүний талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангаж ажиллах;
- Бараа бүтээгдэхүүний хаяг шошгололтод тусгагдсан мэдээлэл нь үнэн зөв, бодитой байгаа эсэхэд анхаарч, дотоод хяналтыг сайжруулах;
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж чанартай, аюулгүй бараа, бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ хангаж, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулах;
Цаашид дээрх алдаа дутагдлыг гаргасан тохиолдолд холбогдох хувь хүн, аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг ШӨХТГ-аас анхаарууллаа.
Мөн иргэд хэрэглэгчид та бүхэн бараа бүтээгдэхүүний хаяг, шошго, орц, найрлагын мэдээлэлд хяналт тавьж, зөрчилтэй тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утас болон цахим хаягуудаар мэдээлэл өгөх боломжтой ажээ.